Төрийн Орон Сууцны Корпорацийн түүх

       Монгол улсын Засгийн газрын 2006 оны 37 дугаар тогтоолоор “Орон сууцны үндэсний төв”-ийг байгуулахаар шийдвэрлэж Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 03 дугаар сарын 17 өдрийн 32 тоот тушаалаар анх байгуулагдаж бага дунд орлоготой иргэдийг орон    сууцжуулах бодлогын хүрээнд гаргасан Засгийн газрын “40 000 орон сууц” хөтөлбөрийг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангасан. Мөн оны 08 дугаар сарын 23-нд Монгол улсын Засгийн газрын 2006 оны 200 дугаар тогтоолоор “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-г байгуулах шийдвэр гарч Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2006 оны 11 дүгээр сарын 16 өдрийн хамтарсан 196/372/567 тоот тушаал,захирамжаар “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг 2006 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан.

          “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь Монгол Улсын Их хурлын 2006 оны 69 дүгээр тогтоол, Засгийн газрын 2006 оны 191 дүгээр тогтоолын дагуу бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууц барих, тэдний орон сууцны нөхцөлийг сайжруулах, барилгын салбарт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор батлагдсан “40 000 орон сууц” хөтөлбөрийг 2007-2009 онуудад хэрэгжүүлэв. Энэ хугацаанд Улаанбаатар хотод 281 айлын орон сууц, 20 аймгийн төвд 974 айлын орон сууц, 15 аймгийн 48 суманд 276 айлын хямд өртөгтэй орон сууцны барилга угсралтын ажлыг санхүүжүүлэн нийт 1531 орон сууц бариулж, иргэдэд урт хугацаат бага хүүтэй зээлээр олгосон байна.

          Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК нь барилгын салбарт үүсээд байгаа санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэх, арилжааны банкуудын хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын бондыг үе шаттайгаар арилжаалах замаар төрийн албан хаагчид болон иргэдэд орон сууцны урт хугацаат зээлийг олгох зорилгоор Засгийн газрын 2009 оны 321 дугаар тогтоолын дагуу Төрийн албан хаагчдын “4000 орон сууц” хөтөлбөрийг 2009-2012 онуудад хэрэгжүүлэн нийт 4300 гаруй иргэд төрийн албан хаагчдад 150 гаруй тэрбум төгрөгийн  урт хугацаат орон  сууцны зээл олгосон юм.

             Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрөөс иргэдийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06 өдрийн 253 дугаар тогтоолоор Орон сууцны санхүүжилтийн корпорацийн нэр болон дүрмийг өөрчилж хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх замаар “Төрийн орон сууцны корпораци” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулахаар болсон. Байгууллагын шинэчилсэн дүрмээрТөрийн орон сууцны корпораци нь Засгийн газрын шууд эрх мэдлийн хүрээнд удирдагдахаар болсон нь томоохон өөрчлөлт байв.