Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “буянт-ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам

2014 оны 04-р сарын 09 өдөр, 10 цаг 02 минутад нийтэлсэн ( 2948 удаа уншсан )
buyant820

Засгийн газрын 2014 оны 36дугаар

Тогтоолын хавсралт

1. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогын хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” (цаашид ТОСК гэх) ТӨҮГ-ын захиалгаар барьж ашиглалтад оруулсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэдээс захиалга авах, худалдан борлуулахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2. Нэр томъёо

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “төрийн албан хаагч” гэж Төрийн албаны тухай хуулийн 11.1-д заасантөрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг;

2.1.2. “ахмад настан” гэж Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан  60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг;

2.1.3. “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэж Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг;

2.1.4. залуу гэр бүл гэж 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө  гэрлэлтээ албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхрийг;

2.1.5. “зорилтот бүлгийн иргэд” гэж энэ журмын 2.1.2-2.1.4-т заасан иргэдийг.

3. Орон сууцны захиалгад хамрагдах иргэд, тэдгээрт 

хуваарилах орон сууцны тоон хязгаар

  3.1. “Буянт Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамжийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хуваарилсан харьцааны дагуу худалдан борлуулна.

3.2. Энэхүү журмын хүрээнд орон сууцны захиалгад хамрагдах иргэдийг дараах байдлаар ангилна:

3.2.1. төрийн албан хаагч;

 3.2.2. ахмад настан;

 3.2.3. хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

3.2.4. залуу гэр бүл.

3.3. “Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагчид болон зорилтот бүлгийн иргэдэд дараах харьцаагаар хуваарилан захиалга авч, худалдан борлуулна:

3.3.1. нийт орон сууцны 60 хувийг төрийн албан хаагчдад;

3.3.2. нийт орон сууцны 40 хувийг зорилтот бүлгийн иргэдэд.

3.4. Энэхүү журмын 3.3.2-т заасан харьцааны 20 хувийг ахмад настанд, 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, 70 хувийг залуу гэр бүлд хуваарилан захиалга авч, худалдан борлуулна.

3.5. Энэхүү журмын 3.4-т заасан хуваарилалтад заасан тооны хязгаарт тухайн зорилтот бүлгийн иргэд 100 хувь захиалга өгч, худалдан аваагүй тохиолдолд хэмнэгдсэн орон сууцны квотыг бусад квот руу шилжүүлж болно.

4. Орон сууц худалдан авах иргэнд тавигдах нийтлэг шаардлага

4.1. Энэхүү журмын дагуу орон сууц худалдан авахаар хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд дараах шаардлагыг хангасан байна:

            4.1.1. Монгол Улсын иргэн байх;

     (2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Улаанбаатар хотод байнга оршин суух хаягийн бүртгэлтэй иргэн)

4.1.2. анх удаа орон сууц худалдан авч байгаа;

   (Энэ заалтад 18 нас хүрэхээс өмнө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх орон сууцанд бүртгэлтэй этгээдийг хамааруулна)

4.1.3. төрийн болон аж ахуй нэгж байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн эсхүл 2-оос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн

4.1.4. банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх;

4.1.5. Засгийн газрын 2009 оны 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу хэрэгжүүлсэн “4000 төрийн албан хаагчийн зээл”-ийн хөтөлбөрийн хүрээнд зээл аваагүй байх;

4.1.6. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд (хуучнаар), Сангийн сайд, нийслэлийн Засаг дарга нарын 2012 оны 45/49/А-108 дугаар хамтарсан тушаал, захирамжаар баталсан “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу Засгийн газраас хэрэгжүүлсэн жилийн 6 хувийн хүүтэй зээлийн хүрээнд зээл аваагүй байх;

4.1.7. Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ын дагуу хэрэгжүүлж байгаа жилийн 8 хувийн хүүтэй зээлийн хүрээнд зээл аваагүй байх;

4.1.8. орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл авахад банк, санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан байх.

4.2. Захиалгын гэрээ байгуулж орон сууц худалдан авч байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд нь байрны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын орон сууцны зээлээр төлнө.

            4.3. Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлээгүй байна.

5. Захиалга авах, гэрээ байгуулах ажиллагаа

5.1. Төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдээс захиалга авах, гэрээ байгуулах ажиллагааг дараах зарчмаар явуулна:

5.1.1. төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдэд хуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхэгийг ТОСК өөрийн цахим хуудсаар зарлана;

5.1.2. ТОСК-аас орон сууцны захиалгын хүсэлтийг цахимаар хүлээн авах хугацааг тодорхой өдөр, цаг, минутаар хязгаарлах бөгөөд энэ хугацаанд 5.1.3-т заасан захиалгын хүсэлтийг төрийн үйлчилгээний цахим машинд бүртгүүлж, бүртгэлийн дугаар авсан иргэдийн дунд захиалгын гэрээ байгуулах сонголтыг хийнэ;

5.1.3. энэхүү журмын шалгуурыг хангасан, байр худалдан авах сонирхолтой иргэн төрийн үйлчилгээний цахим машинд захиалгын хүсэлтийн маягт бөглөж, бүртгэлийн дугаар бүхий өргөдлийн маягтыг хэвлэн авна;

 5.1.4. энэхүү журмын 5.1.2-т заасан хугацаанд төрийн үйлчилгээний цахим машинд захиалгын хүсэлтийн маягт бөглөж, бүртгэлийн дугаар авсан иргэдийн тоо нь тухайн бүлэгт хуваарилах орон сууцны тооны хязгаараас хэтэрсэн тохиолдолд тооны хязгаарт багтаан орон сууц худалдан авах иргэдийн нэрсийг сугалаагаар тодруулна.

5.2. Сугалаа явуулах журмыг ТОСК баталж, өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

 5.3. Гэрээ байгуулах эрх авсан этгээд нь энэхүү журмын 4 дүгээр бүлэгт заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхийг ТОСК хянан үзэж, шаардлага хангасан этгээдтэй орон сууцны захиалгын гэрээ байгуулна.

5.4. Захиалгын гэрээ байгуулж, урьчилгаа төлбөрөө төлсөн иргэд үлдэгдэл төлбөрөө банкны зээлээр төлөх асуудлаар банк болон банк бус санхүүгийн байгууллагад хандана.

6. Төрийн орон сууцны корпорацийн эрх, үүрэг

6.1. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүн амыг орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийн захиалагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж орон сууцыг иргэдэд худалдан борлуулах ажиллагааг энэ журам болон захиалга авах, худалдан борлуулах талаар дотооддоо мөрдөгдөх холбогдох журмын дагуу хариуцан зохион байгуулна.

6.2. Гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсөн худалдан авагчид байрны үлдэгдэл төлбөрийг төлөхөд зээл олгохоор гаргасан банкны шийдвэрийг үндэслэн тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр гаргуулж, гэрчилгээг банкинд хүргүүлнэ.

6.3. Орон сууцны үнийг бүрэн төлсөн захиалагчид орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгнө.

6.4. Хэрэв худалдан авагч энэхүү журмын 4.3-т заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах шаардлагатай бол ТОСК-аас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж кв.метрийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана.

7. Бусад

7.1. Энэхүү журмын хэрэгжилтэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.

7.2. Энэхүү журмаар зохицуулаагүй бусад асуудлыг ТОСК-ийн “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцыг худалдан борлуулах үйл ажиллагааг зохицуулахаар дотооддоо мөрдөх журмаар зохицуулна.

Comments

comments

Comments

comments