ТОСК “Эрдэнэт Үйлдвэр”-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2015 оны 07-р сарын 08 өдөр, 15 цаг 37 минутад нийтэлсэн ( 2331 удаа уншсан )
DSC_7599

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр өнгөрсөн 2014 онд 7 аймагт хэрэгжиж эхэлсэн. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж нэг жилийн хугацаанд 3 аймаг орон сууцны барилгаа хугацаандаа хүлээлгэн өгөөд байна. Тус хөтөлбөр нь 21 аймагт хэрэгжих бөгөөд 2015 оны хавар Орхон аймагт 315 айлын орон сууц барих ажлыг эхлүүлэн орон сууцны суурийг ухах ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтыг тус аймгийн УБЭҮ-ийн удирдлагууд дэмжиж, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг УБЭҮ-ийн ерөнхий захирал Ц.Даваа-Цэрэн, ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга нар үзэглэлээ.

DSC_7602

“Эрдэнэт Үйлдвэр” ажилчдынхаа нийгмийн асуудалд нэг жилд 7 тэрбум төгрөг зарцуулдаг

Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваа-Цэрэн “ Бид ажилчдынхаа нийгмийн хариуцлагын төлөө олон ажлуудыг санаачлан хийдэг. Үүний нэг тэдний тав тухтай амьдрах орчин нөхцөлийг нь шийдэх юм. Ингэснээр ажилчид маань тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нэг үндэс нь болно гэж ойлгож байна. Үүнийг ТОСК-тай хамтран хийх болсондоо баяртай байна” гэсэн юм.

Монголын уул уурхайн ууган үйлдвэрүүдийн нэг УБЭҮ нийт 6 мянга гаруй ажилтантай гэнэ. Үүний 3 мянга гаруй нь орон сууцны байртай болох хүсэлтэй байгааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа хэлж байсан юм.

Орон сууцны барилгыг ирэх оны 5-р сард хүлээлгэн өгнө

Орхон аймагт эхний ээлжинд 315 айлын орон сууцыг барих юм байна. Барирга угсралтын ажлыг “Очир Ундраа” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ерөнхий захирал Т.Гантөмөр “Барилгын ажлын бэлтгэл үе дуусч, барилгын үндсэн ажил эхэлсэн. Санхүүжилт удахгүй шийдэгдэх учраас жилийн хугацаанд орон сууцаа барьж дуусгана” гэлээ.

Барилгын талбай дээр очиж үзвэл гурван га газарт барих орон сууцны суурь цутгах нүхийг ухаж бэлэн болгожээ. ТОСК-ийн ерөнхий инженер Д.Зоригт “Барилгын суурь цутгах талбай руу борооны ус оруулж болохгүй, дулааны шугам холбох хоолойг зэврэхээс хамгаалах” гэх мэт заавар зөвлөгөө өгч ажлын үйл явцтай танилцлаа.

DSC_7679

Барилгын үйл явцад хяналт тавиад буцаж явахад Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цуваа болох 20 гаруй автобус хамгаалалтын машинтай явж өнгөрлөө. Иргэд нь “Баялаг бүтээгчид явж байна” хэмээн өглөө ажилдаа явахад, орой ажлаасаа ирэх бүрт нь ийн зам тавьж өгдөг аж.

Борлуулалтын ажил сайн байна

darhan-1

Өнгөрсөн сар Дархан-Уул аймагт 189, Архангай аймагт 120 айлын орон сууцны нээлт болсон. Эрдэнэт хотоос буцах замд Дархан-Уул аймгаар орж засаг даргын орлогч Г.Баянмөнхөөс шинэ орон сууцны талаар тодруулахад “Гүйцэтгэл хийж байгаа компанид манай аймагт үйлдвэрлэж байгаа төмөр, цемент, бетон зуурмаг зэрэг өөрийн аймагт үйлдвэрлэж байгаа барилгын материалыг ашиглаж, бага дунд үйлдвэрлэлийг дэмжих хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу аль аль талаа дэмжсэн ажил боллоо. Дархан-Уул аймагт барьсан анхны бүрэн цутгамал барилга гэдгээрээ чанартай сайн барилга болсон гэж манай зүгээс үзэж байгаа” гэлээ. Харин байрны борлуулалтын хувьд нэг зуу гаруй иргэн байранд орох захиалгаа өгөөд байгаа бөгөөд тал хувь нь байрны урьдчилгаа 30 хувиа төлчихсөн. Наадмын дараа орно гээд байраа сонгочихсон гэнэ. Үнийн хувьд Дархан-Уул аймгийн орон сууцны үнээс доогуур, барилгын шууд өртгөөр иргэдийн гарт очиж байгаа юм. Метр квадрат нь нэг сая хоёр зуун наян мянга. Талбайн хэмжээний хувьд 33, 49, 51 метр квадраттай хоёр өрөө байр, 39.47, 33.47, 42.32 метр квадраттай нэг өрөө, гурван өрөө нь 66.88 метр квадрат гэсэн долоон төрлийн захиалга авч байгаа аж. Гурван орон сууц нь есөн давхар бөгөөд нэг давхартаа долоон айл суухаар зохион байгуулжээ.

Comments

comments

Comments

comments