Түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн хуваарийг танилцууллаа

2016 оны 03-р сарын 10 өдөр, 11 цаг 43 минутад нийтэлсэн ( 14586 удаа уншсан )
olloo_mn_1458014527_1a3ec0a7774e00ac7687eeb0ca81634f3b9a224b

Түрээсийн орон сууцны бүртгэл Улаанбаатар хотод гуравдугаар сарын 21-нээс эхэлнэ-

Түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарч, Барилга хот байгуулалтын яам уг хөтөлбөрийн журмыг баталсан. Яамнаас гарсан журмын дагуу Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Төрийн орон сууцны корпорациас дагалдах журмыг баталж, өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Мөн түрээсийн орон сууцны бүртгэл хэзээ эхлэх талаар цаг үеийн мэдээллийг Төрийн сууцны корпорацийнхан өглөө.

Эхний ээлжид түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд 900 гаруй орон сууцыг түрээслүүлэхээр болсны 350 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь таван аймагт ашиглалтад орсон барилгууд байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотод “Буян-Ухаа 2” хорооллын 2-3 өрөө 350 байрыг иргэдэд түрээслэх бол Дархан, Увс, Ховд, Хэнтий, Сэлэнгэ аймагт 600 байрыг түрээслүүлэхээр болжээ. Түрээсийн орон сууц хөтөлбөрийн эхний бүртгэл ирэх 14-18-ны өдөр Дархан суманд дахь “Найрамдал хороолол”-ын 85 байраар эхэлнэ. Хөдөө орон нутгийн бүртгэл зарласан өдрөөс эхлээд ажлын тав хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна. Харин Улаанбаатар хотын хувьд түрээсийн орон сууцны бүртгэл гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл явагдана.

Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд гуравдугаар сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэл явуулах юм байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд Барилга хот байгуулалтын яам болон ТОСК-иас гаргасан журамд заасан шалгуурыг хангах нь хамгийн чухал аж. Шалгуур хангасан бүх иргэний материалыг зарласан хугацаанд бүртгэж авна гэдгийг Төрийн орон сууцны корпорацийн дэд захирал Д.Оюунжаргал хэлсэн. Мөн түрээсийн орон сууцанд хамрагдах өрхийн сарын орлого нь хамгийн багадаа 600 мянган төгрөг байх ёстой гэдгийг сануулсан юм. Учир нь, түрээсийн орон сууцны сарын төлбөр нь тухайн өрхийн сарын орлогын 25 хувь байх ёстой юм байна. Тэгэхээр иргэд өөрсдийн сарын орлогоо тооцож түрээсийн орон сууцанд хамрагдана гэсэн үг. Хэврээ сарын орлогын25 хувь нь түрээсийн төлбөрт нь хүрэхээргүй бол автоматаар хасагдана гэдгийг албаныхан сануулав.

Түрээсийн орон сууцанд хамруулахиргэдийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, залуу гэр бүл, хувийн хэвшил, 0-18 хүртэл насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй, төрийн албан хаагч, байгалийн гамшиг, гэнэтийн осолд нэрвэгдэж орон байргүй болсон өрх гэсэн долоон бүлэгт хувааж, түрээсийн орон сууцанд хамруулах хуваарилалтыг хийжээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах долоон бүлгийг бүртгэх өдрийн хуваарь

1. Улаанбаатар хотын хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудад нийт түрээсийн орон сууцны 15 хувьд амруулах юм байна. Ингэж тооцвол Буянт-Ухаа 2 хорооллын 39.3 ам метртэй хоёр өрөө байрнаас 30, 49.23 ам метртэй хоёр өрөө байрнаас 22 ширхгийг хуваарилахаар тооцсон байна. Ахмадуудыг түрээсийн орон сууцны бүртгэл гуравдугаар сарын 21-22-ны өдөр явагдах юм байна.

2. Залуу гэр бүл буюу 2016.01.01-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 нас хүртэл эхнэр нөхрийг энэ бүлэгт хамруулахаар заажээ. Нийт байрны 20 хувийг залуу гэр бүлд түрээслүүлэх бөгөөд 39.3 ам метртэй хоёр өрөө байрнаас 40, 49.23 ам метртэй хоёр өрөө байрнаас 30 ширхгийг хуваарилжээ. Бүртгэл нь гуравдугаар сарын 23-24-ны өдөр явагдана.

3. Хувийн хэвшлийнхэнд нийт түрээслэх байрны 30 хувийг эзлэх бөгөөд 39.3 ам метртэй хоёр өрөө байрнаас 60, 49.23 ам метртэй хоёр өрөө байрнаас 45 ширхгийг хуваарилсан байна. Бүртгэл нь гуравдугаар сарын 25-28-ныг өдөр үргэлжлэх юм байна.

4. Төрийн албан хаагчид 15 хувийг эзлэх бөгөөд 39.3 ам метртэй хоёр өрөө байрнаас 30, 49.23 ам метртэй хоёр өрөө байрнаас 22 ширхгийг хуваарилах юм байна. Бүртгэл нь гуравдугаар сарын 29-нд болно.

5. Гэр оронгүй иргэдэд 39.3 ам метртэй хоёр өрөө байрнаас 10, 49.23 ам метртэй хоёр өрөө байрнаас 7 ширхгийг хуваарилсан бөгөөд бүртгэл нь гуравдугаар сарын 29-нд явагдах юм байна.

6. Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй гэдэг бүлэг 10 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт 35 байрыг хуваарилсан байна. Бүртгэл нь гуравдугаар сарын 30-нд явагдана.

7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт байрны таван хувийг түрээслүүлнэ. 39.3 ам метртэй хоёр өрөө байрнаас 10, 49.23 ам метртэй хоёр өрөө байрнаас найман ширхгийг хуваарилжээ. Энэ бүлгийн иргэдийг гуравдугаар сарын 30-нд Төрийн орон сууцны корпораци дээр бүртгэнэ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэж дуусч, Төрийн орон сууцны корпорациас гарсан хуваарилалтаас давсан материал ирсэн тохиолдолд шалгуур хангасан иргэдийн дунд сугалаа явуулж тодруулах юм байна. Сугалааг иргэдийн бүртгэлийн материал хүлээн авсны дараа 5-7 хоногийн дараа олон нийтэд нээлттэй, тусгай Хяналтын комисс тодруулах юм байна. Хяналтын комиссд олон нийтийн төлөөлөл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн газар зэрэг байгууллагын төлөөлөл багтана.

Түрээсийн орон сууцны үнэ

Түрээслэгч иргэний төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцад амьдрах хугацаа тав хүртэлх жил байх юм байна. Иргэд түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдахдаа болзошгүй эрсдэлийг тооцож гурван сарын түрээсийн төлбөртэй тэнцэх барьцааг гэрээлэгч талд төлөх ёстой юм байна. Ойролцоогоор 420-840 мянган төгрөгийг төлнө.Түрээсийн нэг сарын төлбөрийг орон сууцны нийт талбайн хэмжээ, өрөөний тооноос хамааруулан нийслэлд 200-280 мянган төгрөг, орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар Засгийн газраас тогтсон.

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавих ерөнхий шалгуур

  • Эрхзүйн бүрэн чадамжтай, 21 насанд хүрсэн байх,
  • Тухайн орон нутагт түр буюу байнга оршин суудаг
  • Тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх
  • Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Өргөдөл хүссэн маягт
  • Сарын орлого тодорхойлох бичиг баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар
  • Өөрийн эзэмшлийн орон сууцгүй болохыг тодорхойлсон эрх бүхий байгууллагын лавлагаа

Comments

comments