Хангай хотхоны түрээсийн орон сууцны нээлт боллоо

2016 оны 12-р сарын 28 өдөр, 15 цаг 42 минутад нийтэлсэн ( 2995 удаа уншсан )
DSC_8591

   Монгол Улсын Засгийн газрын 2015 оны  248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталж,  2016 оны 2 дугаар сард БХБЯ-аас “Иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас “Иргэдийг түрээсийн орон сууцанд бүртгэн шалгаруулах” дотоод журмыг тус тус баталснаар уг хөтөлбөр бүрэн хэрэгжиж эхэлсэн билээ. Хөтөлбөрийн хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.

       Засгийн газрын 2016 оны 298 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах “ХАНГАЙ” хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн. Улмаар дээрх журмын хүрээнд 2016 оны 08 дугаар сард иргэдийг сонгон шалгаруулах, түрээсийн гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулалтад тэнцэж, түрээсийн гэрээ байгуулсан 223 иргэн өнөөдөр “ХАНГАЙ” хотхоны түрээсийн орон сууцны түлхүүрээ гардан авлаа.

     “ХАНГАЙ” хотхон нь  нийт 2880 айлын орон сууцны барилгаас бүрдэх бөгөөд эхний ээлжийн 720 айлын орон сууцны барилга 2014 оны 1-р улиралд ашиглалтад оржээ. Харин 2-р ээлжийн 720 айлын орон сууц барилга 2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад орсон бол 3 дугаар ээлжийн 720 айлын орон сууцны барилга 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтад ороод байна. Үүнээс 223 айлын орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн юм. Тус хотхон нь 130 хүүхдийн 2 цэцэрлэг, 150 хүүхдийн 2 сургууль худалдаа үйлчилгээний төв зэргээс бүрдэнэ.

     Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг.  ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгасан. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийж хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглана.

   Монгол Улсын Засгийн газрын 2016.11.30-ний өдрийн хуралдаанаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын захиалгаар баригдсан 360 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь хэрэгжүүлэн ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

DSC_8599 DSC_8602 DSC_8606 DSC_8609 DSC_8614 DSC_8616 DSC_8621 DSC_8622 DSC_8631

Comments

comments

Comments

comments