УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа

2017 оны 01-р сарын 18 өдөр, 13 цаг 57 минутад нийтэлсэн ( 2736 удаа уншсан )
DSC_8770

   2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, тус байнгын хорооны гишүүн Б.Энх-Амгалан нар “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилт болон  Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөртэй танилцлаа. Уулзалтанд, Барилга хот байгуулалтын яамны Дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга У.Отгонбаяр, Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Дэд захирал Б.Цээпилдорж, Д.Энхболд, Гэрээ, Хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Батбаатар, Хөрөнгө оруулалт төлөвлөлтийн газрын дарга М.Бат нар оролцлоо.

   Уулзалтын эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл мэдээлэл хийсэн юм. Тэрээр “ Өргөдлийн Байнгын хороонд иргэдээс ирүүлж буй өргөдлийн дийлэнх хувь нь “Түрээсийн орон сууц” хөтөлбөртэй холбоотой асуудал байна.  Иргэд уг хөтөлбөрийн үйл ажиллагааг зогссон. Тиймээс цаашид энэ хөтөлбөр хэрэгжих эсэх, хэвийн үргэлжлэх талаар мянга орчим өргөдөл ирүүлээд байна. Иймд Барилга, хот байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпораци салбарынхаа хэрэгжүүлж буй бодлого болоод хийж байгаа ажлаа танилцуулахыг хүссэний дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй мэдээлэл хийлээ.  “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 248 дугаар тогтоолоор баталсан ба уг хөтөлбөрийг эхлүүлэх Засгийн газрын шийдвэр 2016 оны 2 дугаар сард гарсан. Барилга, хот байгуулалтын яам уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг баталж орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн найман хувийн зээлийн нөхцлийг хангаж чадахгүй байгаа буюу орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага, дунд орлоготой иргэд хамрагдахаар тусгасан. Үүнд, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнууд, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар заасан юм. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн, төрийн албан хаагчид, гэр оронгүй иргэд, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах юм. Уг ажлын хүрээнд 2016 оны 3 дугаар сараас эхлэн “Төрийн орон сууцны корпораци”-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 1500 гаруй орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна”.

    УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Түрээсийн орон сууц, цэцэрлэг зэрэг нийгмийн чухал асуудлуудыг азын сугалаагаар шийдвэрлээд байдаг нь зохимжгүй юм. Иймд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт “азын сугалаагаар” хамрагдах бус уг хөтөлбөрт хамрагдах иргэдийн судалгаа хийсэн эсэх талаар тодруулсан юм. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй хийсэн тайлбартаа, “Анх энэ хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо олон байсан учир нийгэмд хардлага төрүүлэхгүйн мөн шудрага зарчмаар хамруулах үүднээс “сугалаа”-гаар явагдсаныг тайлбарлалаа.

     Төрийн орон сууцны корпораци нь өнгөрсөн хугацаанд хямд өртөгтэй, чанартай  орон сууцыг бага дунд орлоготой иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлэн хангах, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлж, түүний удирдлага менежментийг хэрэгжүүлж ажиллаж байна.

   “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпораци нь 2016 оны 3 дугаар сард  нийт 3200 гаруй иргэний материалыг бүртгэн авч Улаанбаатар хотод 787, хөдөө орон нутагт 725 айлын орон сууцны байрыг тус тус түрээсэнд хамруулаад байна.

Байршил

    Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

    Төрийн орон сууцны корпораци нь Улаанбаатар хот, хөдөө орон нутагт нийт 11500 орчим айлын орон сууцны барилгыг захиалан бариулж, байнгын ашиглалтад оруулаад байгаа юм.  “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 1500 гаруй иргэнийг түрээсийн орон сууцанд хамруулан засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ өнгөрсөн 10 жилийн хугацаанд

  1. “40.000 айл” орон сууц хөтөлбөр
  2. ТАХ-ын “4000 айл” орон сууц төслийн зээл
  3. “100.000 айл” орон сууц хөтөлбөр
  4. “Буянт-Ухаа1” хороолол төсөл
  5. “Буянт- Ухаа 2” хороолол төсөл
  6. “Аймаг бүрт 1000 айл” орон сууцны хөтөлбөр
  7. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр

Цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр

  1. “Буянт-Ухаа2” 2 дугаар ээлжийн төсөл
  2. 7 дугаар хороолол төсөл
  3. Эко Яармаг төсөл
  4. “Буянт-Ухаа 3” хороолол төсөл
  5. “Түрээсийн орон сууц” хөтөлбөр

    Төрийн орон сууцны корпораци 2013 онд 16 барилгын гүйцэтгэгч компани, зураг төслийн 9, ашиглагч 2 байгууллага нийт 30 орчим компанитай хамтран ажиллаж нийслэл хот, хөдөө орон нутагт 5100 гаруй айлыг орон сууцжуулаад байна.

  Энэ их бүтээн байгуулалтад 3000 гаруй инженер техникийн ажилчид албан хаагчид гар бие оролцсон юм.

ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Comments

comments