Х.Баделхан: Иргэдэд ашиггүй, банкинд хэт ашигтай ипотекийн журмыг өөрчилнө

2017 оны 12-р сарын 01 өдөр, 16 цаг 21 минутад нийтэлсэн ( 222 удаа уншсан )
29916a77c8bd6ab8371cdffb3b2cd6d6

Х.Баделхан: Иргэдэд ашиггүй , банкинд хэт ашигтай ипотекийн журмыг өөрчилнө

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаас зарим асуултад тодруулга авлаа.

Иргэдийг орон сууцжуулах хоёр том асуудлыг шийднэ.

-Агаарын бохирдлыг бууруулах нэг арга нь гэр хорооллыг орон сууцжуулах. Салбар яамны зүгээс энэ чиглэлд ямар бодлоготой ажиллаж байна вэ?

– Яамны зүгээс иргэдийг орон сууцжуулах чиглэлд хоёр том асуудал шийдэхээр ажиллаж байна.

Нэгдүгээрт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байна. Гэр хорооллыг орон сууцжуулах гэхээр тулгардаг хамгийн том бэрхшээл нь дэд бүтэц, инженерийн шугамын асуудал байдаг. Тиймд захын гэр хорооллуудад орон сууцны бичил төвүүдийг байгуулахаар ажиллаж байна. 200 айлын дунд цэвэр бохир ус, халаалтын бүх асуудлыг шийдсэн төвтэй болно. Энэ ажлыг БНХАУ-ын хоёр тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хийхээр төлөвлөж байна.

Хоёрт, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн журмыг шинэчлэх Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогийн хэрэгжиж байгаа ипотекийн журам бол арилжааны банк талдаа ашигтай ч иргэдэд үр ашиг нь бага байгаа юм. Үүнийг өөрчилнө. Урьдчилгаа 30 хувиа төлөөд байр авах боломжтой  хүмүүс аваад  дууссан. Одоо зөвхөн байрны урьдчилгаа төлөх боломжгүй иргэд л үлдсэн. Тиймд урьдчилгаа 30 хувийг багасгах, эсвэл урьдчилгаа төлбөрийг банкаар дамжуулж бус иргэдэд олгох боломжийг судалж байна. Шинэчилсэн журмыг энэ ондоо багтааж танилцуулна.

-Ипотекийг зээлийн эх үүсвэрийг Монголбанк хариуцдаг байсныг Барилга хот байгуулалтын яам хариуцдаг болгосон. Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийж байна вэ. Ипотекийн зээлийн багцыг гадаад зах зээлд гаргаж бонд босгох боломжийг судалж байна уу?

-Ипотекийн зээлийг 2003 оноос хойш олгож эхэлсэн. Энэ хугацаанд 4 их наяд төгрөг хуримтлагдсан байдаг. Үүнээс 1,9 их наяд төгрөг нь орон сууцаар барьцаажуулсан бондын хэлбэртэй байгаа юм. Энэ мөнгийг хоёр дахь зах зээлд гарган арилжаалж хөрөнгө босгох боломжийг судалж байна. Одоо бол эргэн төлөлтөөсөө зээлийн эх үүсвэрийг гаргаж байна. Цаашид гаднын хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судална.

– Барилгын салбарт борлууладахгүй үлдсэн хэдэн мянган байр, орон сууц бий. Энэ орон сууцуудыг иргэдэд хямд, хөнгөлөлттэй үнээр борлуулах боломж бий юу?

– бид олон улсын туршлагыг судалж үзээд Түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг хамруулахаар ажиллаж байна. Зорилтот эмзэг бүлгийн иргэд болон төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцанд хамруулна.

Comments

comments

Comments

comments