Долдугаар хороололд баригдах 10 мянган айлын орон сууцанд жишиг үнэ тогтооно

2011 оны 03-р сарын 24 өдөр, 07 цаг 44 минутад нийтэлсэн ( 1005 удаа уншсан )

    – Долдугаар хороолол нийт 210 га газарт баригдах ба нийтдээ 10 мянган айлын буюу дунджаар 40 – 50 мянган иргэнийг орон сууцаар хангах том хэмжээний төсөл юм
   
    – Улаанбаатар хот утаанаас салах, өнгө үзэмжээ сайжруулах хамгийн гол арга зам бол яах аргагүй гэр хорооллын өрхүүдийг орон сууцжуулах явдал. Нийслэлд аж төрж буй 170 орчим мянган гэр хорооллын айлыг бүгдийг юм биш гэхэд хотын төв хэсэгт байрлаж байгаа гэр хорооллуудыг яаралтай орон сууцжуулах шаардлага өнөө цагт зайлшгүй тулгараад байгаа билээ. Иймээс ч энэ онд долдугаар хорооллыг барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж нүүлгэн шилжүүлэлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтад нийт 20 тэрбум төгрөгний санхүүжилтийг нийслэл батлаад байна. Тус хорооллыг Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хорооны газар нутаг буюу 32-ын тойргийн орчмоос эхлээд Зуун айл дахь барилгын материалын дэлгүүрүүдийн орчим хүртэлх 210 га газарт барихаар төлөвлөж байгаа юм.

   10 МЯНГАН ӨРХИЙГ ОРОН СУУЦААР ХАНГАХ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛ ЭХЛЭХ НЬ

   Долдугаар хороолол нийт 210 га газарт баригдах ба нийтдээ 10 мянган айлын буюу дунджаар 40 – 50 мянган иргэнийг орон сууцаар хангах том хэмжээний төсөл юм.

    Энэхүү ажил юуны өмнө тус бүс нутаг дахь иргэдийг нүүлгэн шилжүүлэхээс эхлэх бөгөөд ирэх сараас хийхээр төлөвлөгджээ. Ер нь иргэд л газраа, үл хөдлөх хөрөнгөө хурдан шуурхай үнэлүүлээд тохиролцож чадвал ажил төдий чинээ хурдан явах боломжтой талаар холбогдох хүмүүс ярьж байгаа юм.

    2011 онд 210 га газраас 50 га дахь айл буюу нийт 854 нэгж талбарыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Учир нь долдугаар хорооллын дэд бүтцийг нийслэлээс буюу улсын төсвөөр шийдэх бөгөөд халуун, дулаан ус, цахилгааны шугам буюу инженер шугам сүлжээний ажил, цэцэрлэг, сургууль барих гээд бүхий л дэд бүтцийг шийдэх талбай болох 50 га газрыг эхний ээлжинд ийнхүү нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна. 50 га газар дахь 854 нэгж талбар гэдэг нь айлын хашаа, худалдаа, үйлчилгээний төв гээд бүгд багтаад ийм тоо гарчээ.

    210 га буюу долдугаар хороолол баригдах энэхүү газарт одоогоор 2100 өрх оршин суудаг байна. Тэгэхээр орон сууц болон бусад дэд бүтцийн барилга, байгууламжийг тооцоод энэ газарт ийнхүү 10 мянган айл буюу одоогийнхоос тав дахин өрх амьдрах боломжтой болох нь ээ. Зай, талбай хэмнэх, агаар, орчны ариун цэвэр, нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн бүхий л тав тух гээд орон сууцны ашиг, өгөөжийг та бүхэн хэнээр ч хэлүүлтгүй мэдэх билээ. Харин дараагийн ээлжинд буюу 160 га газар дахь өрхийг ирэх онд нүүлгэн шилжүүлэх ажил эхлэх ба үүнтэй зэрэгцэн тендерууд зарлагдан барилга байгууламжуудыг барих компаниудаа шалгаруулж барилгаа барьж эхлэх аж.

    ИРГЭД ҮЛ ХӨДЛӨХӨӨ ХЭРХЭН ҮНЭЛЭХ БОЛ?

    Айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажилд гол хүндрэл бэрхшээл нь үнэлгээний асуудал гэж том зүйл бий. Иргэн өөрийн хувьчилж авсан газар, байшин, худалдаа, үйлчилгээний төвөө хэд ч гэж үнэлж болох талтай. Тиймээс энд хөндлөнгийн буюу төрөөс эсвэл барилгын компаниас хөрөнгийн үнэлгээний комисс ажиллаж тооцоолол гаргах юм байна.

   Энэ ажилд үүсэх гол бэрхшээл нь тухайн өрх, иргэний эзэмшил буюу газрын хэмжээ, байршлаар нэгдсэн үнэлгээнд оруулж болох бол байшин, барилгыг тус бүрчлэн үнэлэхэд багагүй ажил орох дэг ээ. Гэхдээ нийслэл, төр засагт иргэдтэй байшин барих, шинэ зам тавих дээр тохиролцож байсан багагүй туршлага бий. Тиймээс энэхүү туршлагаа бариад л зүтгэхээс өөр аргагүй болоод байна.

  Яг үнэндээ манайд Нөхөн төлбөрийн тухай хууль байхгүй учраас л иргэдтэй ийнхүү өмнөх туршлагаа ашиглан нүүр тулахаас өөр аргагүй болжээ. Гэхдээ газраа улсад ийнхүү худалдах, орон сууцаар солих зэрэг бүгд хуулийн дагуу явагдана. Гол нь үнэлгээний л асуудал юм. Гэхдээ энэ асуудалд иргэн, төр хоёр тал талаасаа харилцан уян хатан байж, нийтийн эрх ашгийг дээдлэн үзэж байж л асуудлын цаана нь гарах учиртай.

   Хуулиар Монгол улсын иргэн 0,07 га газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхтэй байгаа. Нэгэнтээ л тухайн иргэн өмчилчихсөн зүйлийг төр буцаагаад үнэгүй авна гэх нь утгагүй зүйл. Тэгэхээр 0,07 га газрын тодорхой нөхцөлүүдийг харж байгаад үнэлгээ гаргаж, иргэдэд нөхөн олговор олгох нь ойлгомжтой. Ямартай ч иргэдэд газар, үл хөрөнгөө үнэлээд нөхөн төлбөр авах эсвэл шинээр баригдах орон сууцанд амьдрах хоёр сонголт бий. Гэхдээ хүссэн болгон нь мэдээж шинээр баригдах орон сууцанд амьдрахгүй бөгөөд энэ нь үнэлгээний зөрүүгээс гарах тусдаа асуудал.

&nbs

p;   Газар, үл хөдлөх хөрөнгөний ямар ч төлбөр мөнгө, үнэлгээний асуудалгүй тохиролцоонд хүрсэн тухайн өрх шинээр баригдах орон сууцанд амьдрах хүсэлтэй байвал одоо баригдаж байгаа түр оршин суух байранд шинэ байраа баригдтал амьдрах боломжтой байгаа. Гэхдээ Сүхбаатар дүүргийн 11-р хороонд баригдаж буй түр оршин суух байр 300 айлынх. Энэхүү түр оршин суух байр нь 27-35.5 метр квадрат талбай бүхий нэг өрөө сууцнууд байх аж. Одоо энэ хавраас барилгын ажил нь эрчимжиж 2011 ондоо багтаж ашиглалтад орохоор төлөвлөжээ. Түр оршин суух байранд амьдрахад тодорхой хэмжээний түрээс төлөх нь ойлгомжтой. Гэхдээ иргэд заавал түр оршин суух байр гэлтгүй хэсэг хугацаанд өөр газарт шилжин суух, байр түрээслэх зэрэг олон арга зам бий.

   ДОЛДУГААР ХОРООЛЛЫН БАЙРАНД ЖИШИГ ҮНЭ ТОГТООНО

   Орон сууцны үнийн хөөрөгдөлд төрөөс ямар нэгэн үнэ тогтоож барилгын компанийн эрх ашигт халдаж болохгүй гэсэн зах зээлийн хуультай. Уг нь Төрийн албан хаагчийн 4000 айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас байрны нэг метр квадрат тутам нь 600 мянган төгрөг байх жишиг үнэ гаргаж байсан ч энэ ёстой лөөлэй болж сүүлдээ энэ заалтаа авч хаясан сан. Угаас байрны зээлэнд хамрагдаж буй иргэн нь ч өөрөө метр квадрат нь хоёр сая төгрөгний байр авах эрхтэй. Түүнээс гадна метр квадрат нь 600 мянган төгрөгөөр зарагдаж байгаа шинэ барилга ч Улаанбаатарт гарын арван хуруунд багтах мэт байв.

    Энэ мэтчилэн төрөөс байрны үнэд жишиг гаргах оролдлого бүтэлгүйтэж, угаасаа ч зах зээлийн нийгэмд хамгийн бүдүүлэг арга зам болж хувирсан түүхтэй.

    Ер нь байрны үнэ хөөрөгддөг гол зүйл нь газрын үнэлгээтэй эцсийн дүнд холбоотой болж таараад буй. Тухайн барилгын компани ар, өврийн хаалгаар арай хийж олж, бөөн мөнгө төлж авсан газрын үнийн зардлаа орон сууц худалдан авч буй иргэдээс эргүүлээд авалгүй юу хийхэв. Тиймээс ч төр засаг томоохон орон сууцны хорооллын дэд бүтэц болох газар, зам, инженер шугам сүлжээний асуудлыг шийдэж өгөөд тухайн газартаа тендер зарлан барилгын компаниудаар байшин бариулж байх нэгдсэн бодлого дээр санал нэгдээд буй. Энэ нь ч эхнээсээ ажил болоод нисэх орчимд хэдэн орон сууц баригдан одоо бүгд зарагдаад дуусаад байгаа. Харин энэ ажлын үргэлжлэл 10 мянган айлын орон сууц барих долдугаар хорооллын төсөл дээр хэрэгжих гэж буй. Тиймээс ч төр засгийнхан шинээр баригдах тус хорооллын байрны үнэ жишиг тогтоохуйц үнэлгээтэй барилга болно гэлцэж байгаа юм.

     Нийслэлийн зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Улаанбаатарт баригдаж байгаа барилгын метр квадратын үнэ яаж ч ашиг орлого нэмээд 700 – 800 мянга төгрөг болж байгаа гэж санаашрах юм. Гэтэл бодит байдал дээр одоо шинэ орон сууцны метр квадрат дунджаар 1,1 сая төгрөгтэй байгаа. Тэгэхээр мэргэжилтнүүдийн үзэж буйгаар барилгын компаниуд үнэтэй газар худалдаж авахаар тухайн барилгын метр квадратын үнэлгээ дунджаар хоёр дахин үнэ нь нэмэгдэж байгаа гэж үзэж байна.

    Тиймээс энэ бүх авлигын үнийг шингээхгүйгээр босох долдугаар хороолол үнэхээр барилгын жишиг үнийг тогтооно хэмээн шийдвэр гаргагчид үзэж буй.

    Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn

Comments

comments

Comments

comments