Х.Баттулга: Найрамдал, Нисэх, Баянхошуу, Яармагт орон сууц босно

2011 оны 04-р сарын 07 өдөр, 03 цаг 57 минутад нийтэлсэн ( 977 удаа уншсан )
     

    “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдэд зориулан орон сууцны зээлийн хүүг жилийн зургаан хувь болгох шийдвэрийг Засгийн газар гаргаад буй. Үүнтэй холбоотойгоор иргэдэд олон асуулт гарч ирсэн бөгөөд энэ талаар тус салбарыг хариуцсан сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгатай уулзаж дараах тодруулгуудыг авлаа. Та энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл энд дарна уу.

    -Орон сууц худалдан авах зээлийн хүү жилийн зургаан хувь болгох чиглэлийг Засгийн газар гаргасан. Энэ шийдвэр амьдрал дээр хэзээ хэрэгжиж эхлэх вэ?

    -Улаанбаатар хотын дийлэнх өрх гэр хороололд амьдарч байдал ямар хэмжээнд хүрээд байгааг бүгд харж байгаа. Ерөнхийдөө гэр хороололд төлбөрийн чадвар багатай өрхүүд амьдарч байна. Тэгэхээр энэ өрхүүдийг ямар нэгэн байдлаар орон сууцжуулах, иргэншүүлэх хэрэгтэй гэж төр засаг үзээд ийм бодлого гарч байна гэсэн үг. Бид эхний үед “40 мянган айлын орон сууц” гэж хөтөлбөр зарласан. Энэ хөтөлбөрт сайн ч зүйл бий, саар ч юм байгаа байх. Гэхдээ барилгын салбарыг 1990 оноос хойш хөдөлгөөнд оруулсан хамгийн анхны том хөтөлбөр. Үүний дараа 100 мянга гэсэн тоо орж ирч байгаа.
  
    “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах нийт орон сууцны 85 хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө, орон нутагт баригдахаар төлөвлөсөн. Орон сууц бариад эхлэхээр байрны үнийн асуудал гарч ирнэ. Үүнээс үүдэн бид дотооддоо барилгын гол материалуудыг үйлдвэрлэх асуудал гарч ирж байгаа юм. Цогц юм хийх гээд байна гэсэн үг. Ингээд дотооддоо цемент, арматур гэх мэт гол материалуудаа хийдэг болчихвол орон сууцны метр квадратын үнийг тогтмол болгох боломж гарч ирнэ. Үүний дараагийн нэг асуудал нь зээлээр орон сууц авч байгаа айл, өрхүүдийн жилийн хүү зургаан хувь байна гэснийг хэрэгжүүлэх ажил юм. Бид зүгээр нэг тоо гаргаж ирчихээд байгаа хэрэг биш.

    Орон сууцны зээлийн хүү зургаа орчим байвал өрхүүд орон сууц худалдан авах хандлага нь ихэсдэг юм байна. Одоо манай улсад орон сууцны зээлийн хүү хамгийн багадаа сарын нэг ба1,2 хувь гэхээр жилийн 12 орчим хувьтай байна. Энэ дүнг 10-15 жил төлнө гээд бодохоор авсан байрныхаа үнээс илүү их хүү төлөх болчихоод байна. Үүнийг л бид багасгахаар ийм шийдвэр гаргасан. Иргэд үүнийг бодит амьдрал дээр хэрэгжих үү үгүй юу гэж их эргэлзэж байгаа нь аргагүй. Анх удаагаа энэ асуудлаар ярьж байгаа болохоор тэр байх. Мэдээж бид хөгжил рүүгээ явж байгаа улс орон учир энэ таатай нөхцлийн эхлэлийг тавилаа гэж ойлгож болно.

     Чухам яаж зургаан хувийн хүүтэй болгох вэ гэхээр жилийн 12 хувийн хүүтэй банкны зээл байлаа гэхэд үүнийг зургаа болгоход гарч ирж байгаа зөрүү болох дөрвөөс зургаан хувийн хүүг төрөөс татаас байдлаар зохицуулах талаар ярьж байгаа. Эх үүсвэрийг Монголбанкнаас гаргах боломжийг судалж байна. -Энэ асуудалд арилжааны банкуудтай яг яаж хамтарч ажиллах вэ? -Арилжааны банкуудтай дээр хэлсэн орон сууцны зээлд зориулсан эх үүсвэрийг Монголбанкнаас гаргаж өгөөд тодорхой шалгуурдыг тавина. Өнөөдөр Монголд 15 банк үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төлбөрийн чадвартай, урт хугацааны моргейж өгөөд байх боломжтой банкуудыг сонгон шалгаруулаад иргэддээ ийм хугацаатай, ийм хүүтэй зээл өгнө шүү гэсэн чиглэл өгөөд явна гэсэн үг. Үүнийг бид бодоод олчихсон биш бусад улс оронд хэрэгжүүлж байсан туршлага зөндөө.

    -“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр тодорхой цаг хугацааны асуудал яригдаж байгаа байх. Иргэдийн хувьд долдугаар хороолол баригдана гээд нэг хэсэг хүлээлт үүсчихээд байна. Тэгэхээр яг хэзээнээс зээлийн хүү зургаан хувь болж, байрны үнэ буурах вэ. Та тодорхой хугацаа хэлэх боломж бий юу?

     -Долдугаар хорооллын хувьд өмнөх Засгийн газруудын үед төлөвлөгөө гарчихсан. Одоо энэ асуудалд Нийслэлийн Засаг даргын тамгын газар идэвхтэй оролцож байгаа. Яг ингээд хотын төвөөс нь эхэлж орон сууцжуулна гэж төлөвлөхөөр иргэдтэй газрын маргааны асуудалтай тулгарчихаад байна. Энэ мэдээж ганцхан манай улсад тулгарч буй зүйл биш. Хөгжсөн, иргэншсэн бүх хөгжилтэй орон энэ асуудлыг туулаад гараад ирсэн. Тиймээс манай яамнаас бодлогын хувьд хотынхоо захаасаа эхлэн орон сууцжуулах бодлого баръя гэж үзсэн. Жишээ нь, Найрамдал зуслангийн орчим, Нисэх, Яармаг, Баянхошуу зэрэг газруудаас эхэлвэл эдгээр нутаг дэвсгэрийн айл, өрхүүд газрын үнэтэй санал зөрөлдөх нь бага байх судалгаа гарсан. Энэ судалгаанд үндэслэн а

жлаа эхлэхээр төлөвлөж байна. Хугацааны хувьд удаан байгаа нь үнэн. Гэхдээ бид ажлыг хурдлуулах гэж хичээж л байна.

     -Орон сууцны зээлийн хүү зургаан хувьд хүрэх боломж бүрдвэл үүнд нөгөө л төрийн албан хаагчид түрүүлж хамрагдах уу?
Энэ асуултыг манай уншигчид бидэнд их ирүүлж байна.

     -Манай улсад төрийн албан хаагч 140-150 мянга орчим иргэн байдаг. Эдгээр хүний талаас илүү хувь буюу 60 орчим хувь нь гэр хороололд амьдардаг юм байна. Энэ хүмүүс чинь бас л Монгол улсын иргэн учраас орон сууцны хөтөлбөрүүдэд хамрагдах эрхтэй. Одоо хэрэгжиж буй “Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц” хөтөлбөрийг бид эдийн засгийн хямралд өртөөд зогсонг байдалд орчихоод байсан барилгын салбарыг хөдөлгөөнд оруулж, дэмжихийн тулд хамгийн эхний ээлжинд тогтмол орлоготой төрийн албан хаагчдыг хамруулсан. Харин одоо хэрэгжих “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр төрийн албан хаагч гэлтгүй бага, дунд орлоготой иргэдийг хамарна. Орон сууцны төлбөр төлж чадах буюу ямар нэгэн байдлаар тодорхой ажил эрхэлж байгаа иргэн хэн ч байсан энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой. Тэгэхээр энэ хөтөлбөр давхар иргэдийг ажилтай болох эрмэлзлэлийг төрүүлж өгөхөөрөө давуу талтай.

 Ярилцсан Ч.Болортуяа bolortuya.ch@gogo.mn

Comments

comments

Comments

comments