​Т. Заяа: Түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамруулах 5002 байр баригдаж байна

2020 оны 08-р сарын 05 өдөр, 09 цаг 47 минутад нийтэлсэн ( 1111 удаа уншсан )

“ТОСК” ТӨХК-ийн дэд захирал Т.Заяатай ярилцлаа.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй  түрээслээд өмчлөх гэрээг байгуулж эхэлсэн. Тэгэхээр энэ удаа шинээр нэмж хүн бүртгэх үү?

Энэ удаагийнх зөвхөн Буянт-Ухаа 2 хороолол болон Хангай хотхоны түрээсийн хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-н дагуу Түрээслээд өмчлүүлэх гэрээ байгуулж байгаа. Харин ямар нэгэн иргэнийг шинээр бүртгээгүй. Ерөнхийдөө түрээслээд өмчлөх боломжтой 1512 айлын орон сууцаа бүгдийг нь эзэнжүүлсэн байгаа учир нэмж шинээр хүн бүртгэх боломжгүй.

Түрээслэгч иргэн түрээслүүлээд өмчлөх гэрээ байгуулах хүсэлтэй бол байрны үндсэн төлбөрийг 60 сард хуваан, сар бүр заасан шимтгэл, татварын хамт нэмж төлснөөр байрыг өмчилж авах эрх нь нээгдэнэ.

-Одоогоор хэдэн хүн гэрээ байгуулсан байгаа вэ?

-Буянт-Ухаа 2 хороололд нийт 564 айлын түрээсийн орон сууц байдаг. Долдугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 80 иргэнтэй  өмчлүүлэх гэрээг байгуулаад байна. Харин Хангай хотхоны иргэдтэй өчигдрөөс гэрээг байгуулж байна. Одоогоор 20 орчим иргэнтэй гэрээ байгуулсан байна. Энэ наймдугаар сардаа багтааж тус хоёр хотхоныд байр түрээсэлж байгаа бүх иргэдтэй гэрээг байгуулах ажлыг дуусгаж 9 дүгээр сараас эхлээд Хөдөө орон нутагт ажиллаж түрээслэгчидтэй өмчлөх гэрээг байгуулхаар төлөвлөн ажиллаж байна.

-Түрээслээд өмчлөх гэрээг хийхдээ иргэд ямар, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Түрээсийн орон сууцаа өмчлөх хүсэлтэй байгаа бол үндсэн болон хамтран түрээслэгч нар үндсэн гурван бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.

Нэгт, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

Хоёрт, Орлогоо нотолсон бичиг баримт

Гуравт, Хангагч байгууллагын өр төлбөргүй гэсэн тодорхойлолт

Хэрэв түрээслэгч СӨХ болон орон сууцны ашиглалт хариуцсан байгууллагад төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл байгаа бол түрээслээд өмчлөх гэрээг байгуулах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Түрээслээд өмчлөх гэрээ байгуулсан иргэд ямар ямар хэлбэрээр байрны төлбөрөө төлөх боломжтой байгаа вэ?

-“Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” 2.2.1, 2.2.2-т зааснаар иргэддээ хоёр саналыг санал болгож байгаа. Нэгдүгээрт, иргэд маань 5 хүртэлх жилийн хугацаанд байрны үнийн 30 хувийг бүрдүүлж үлдэгдэл 70 хувиа ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Хоёр дахь санал нь орон сууцны нийт үнийг 5 жилдээ хуваан төлж барагдуулах боломжтой юм. Бусад нөхцөлд өмчлөхгүйгээр манайхтай түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэн сунгаад явах боломжтой.

Нэмэлтээр хэлэхэд түрээслээд өмчлөх гэрээний давуу тал нь урьдчилгаа төлбөрөө бэлэн төлөх боломжгүй иргэдэд 5 жилийн хугацаанд урьдчилгаа бүрдүүлж тухайн орон сууцаа өөрийн нэр дээр авах боломжийг МУ-н ЗГ-аас олгож  байгаа юм. Тиймээс иргэд өмчлүүлэх гэрээг байгуулснаар урьдчилгаа төлбөрийн хуримтлал нь үүсж эхлэх тул аль болох богино хугацаанд ТОСК-ийн байранд ирэн “Түрээслээд өмчлүүлэх гэрээ”-гээ байгуулах хэрэгтэй.

-Цаашдаа өөр ямар ямар хорооллуудад түрээслээд өмчлөх хөтөлбөр хийгдэх вэ?

-БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр  Буянт-Ухаа 2 хорооллын баруун талд “Солонго 1, 2” хороолол төслийн бэлтгэл ажил хийгдээд явж байна. Энэхүү хороолол нь баригдсанаар  түрээсийн орон сууцны санг 5002 айлын орон сууцаар нэмэгдүүлэх боломжтой.

-Орон нутагт нийт хэдэн айлын түрээслээд өмчлөх байр байгаа вэ. Аль аль аймагт байгаа вэ?

-Нийслэлд 787, Дархан-Уул, Увс, Ховд, Архангай, Хэнтий, Сэлэнгэ аймгуудад нийт 725 түрээслээд өмчлөх боломжтой орон сууцууд бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.tosk.gov.mn хариуцлага хүлээхгүй болно. www.tosk.gov.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.