Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр 3-р сард хэрэгжиж эхэлнэ

Түрээсийн орон сууцны хөтөлбөр 2015 оны долдугаар сард батлагдаж түүнийг хэрэгжүүлэх тогтоолыг 2016 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан юм. Түрээсийн орон сууцны хөтөлбөр нь. төрийн түрээсийн орон сууц, орон нутгийн түрээсийн орон сууц, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван өмчийн хэлбэртэй. Төрийн орон суууцны корпораци нь төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан ажиллах юм. Уг ажлын хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарсан юм. Тогтоолын дагуу Архангай аймагт 120, Увс аймагт 84, Дархан-Уулд 83, Сэлэнгэ аймгийн Зүүн-Хараад 90, Хэнтий аймгийн төв Мандал говь, Ховд аймагт тус бүр 96, мөн Хэнтий аймгийн Бор-Өндөрт 16 нийт 579, Улаанбаатар хотод “ Буянт-Ухаа -2” хорооллын 39, 49 мкв хоёр өрөө 350 айлын орон сууцыг төрийн түрээсийн санд шилжүүлж авахаар бэлэн болоод байна.

Төрийн түрээсийн орон сууцны журмыг БХБЯ гаргана. Уг журмыг БХБСайд баталж улмаар ТОСК нь дотоод мөрдөгдөх журмыг баталснаар төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Хөтөлбөрийг 2016 оны 03-р сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх төлөвлөөтэй ажиллаж байна.

-Түрээсийн орон сууцны нэг метрквадратын үнэ Улаанбаатар хотод 6500 төгрөг байна-

Түрээсийн орон сууцны хөтөлбөрт орон сууц шууд худалдан авах боломжгүй, орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн нөхцөл хангаагүй, орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувь нь бүрдээгүй, бага дунд орлоготой /амжиргааны түвшингийн 3-10-р бүлэгт хамаарах/, иргэд хамрагдах юм. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 6500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4500 төгрөг/, нэг байр 30-50 метрквадрат байхаар тусгажээ. Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав.
Түрээсийн орон сууцны хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм. Түрээсийн орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын орон сууцны барилгыг барихаар төлөвлөж байгаа төдийгүй цаашид иргэд орон сууцаа түрээслэн өмчлөх нөхцөлийг бүрдүүлэхээр судалж байна.

ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ