You are currently viewing Солонгост ажиллаж байгаа иргэдийг орон сууцны зээлд хамруулах тухай

Солонгост ажиллаж байгаа иргэдийг орон сууцны зээлд хамруулах тухай

Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын иргэд олноороо ажиллаж амьдардаг бөгөөд тэнд байгаа Монгол иргэдийн 70 гаруй хувь Улаанбаатар хотын иргэд байдаг ажээ. Монголд ажлын байр хомс, орон сууцны үнэ өндөр байдаг нь Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэдийг эх орондоо ирэхэд нэн түрүүнд тулгамддаг асуудлуудын нэг.

Харийн нутагт олон жил ажиллан байж хурааж хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц авчихаад цаашдаа хэрхэн орлого олох нь тодорхойгүй байдаг тул эх орондоо ирэхийг төдийлөн хүсдэггүй бололтой.

“Монголдоо очмоор л байдаг юм. Гэтэл очоод юу хийх вэ дээ? Олсон хэдэн төгрөгөөрөө орох орон авч хүрэхгүй шүү дээ. Орон сууц худалдан авах урьдчилгааны мөнгө зэргийн юм бол байна л даа. Монголдоо очсон тохиолдолд урьдчилгааг нь өгөөд зээлд хамрагдах гэхээр  тогтсон ажилгүй юм чинь зээл олгохгүй. Эндээс мөнгө явуулаад зээлд хамрагдах боломжтой ах дүү нарынхаа нэр дээр орон сууц авах зэргээр зарим нь аргалдаг л байх. Орон сууцны асуудлаа яаж ийгээд шийдлээ гэж бодоход цаашдаа яаж мөнгө олох нь тодорхой биш учраас эндээ л байгаад байгаа юм шүү дээ” гэж тэнд олон жил ажилласан найз нөхдүүд маань ярихыг нэг биш удаа сонссон.

Тэгвэл БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа НИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид тэнд ажиллаж байгаа иргэдийг эх орондоо орон сууц худалдан авах нөхцөл боломжийг судлан, улмаар ойрын хугацаанд хэрэгжүүлэх асуудлыг ярилцаж байна.

“Солонгост ажиллаж байгаа иргэд тэнд байгаа хугацаандаа Монголдоо орон сууц худалдан авах зээлд хэрхэн хамрагдах талаар холбогдох албаныхантай ярилцаж, харилцан тохиролцолд хүрэх юм бол нэн даруй хэрэгжүүлж эхлэх болно. Хоёр хот ах дүүсийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Яриа хэлэлцээр амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаа. Ингэснээр харийн нутагт ажиллаж байгаа иргэд маань эх орондоо ирээд аятай тухтай амьдрах боломжоор хангагдахын зэрэгцээ, эх орондоо хөрөнгө оруулалт хийх зэрэг олон талын ач холбогдолтой юм” гэж Д.Баттулга дарга айлчалынхаа өмнө онцолж байсан юм.

Төлөөлөгчид Солонгост ажиллаж байгаа иргэдийн эх орондоо орон сууц худалдан авах асуудлыг ярилцахын зэрэгцээ Ханын Материалын Комбинатын эцэст баригдах хотын захиргааны шинэ цогцолборын ажлын талаар ч санал бодлоо солилцох аж.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд зарлагдсан хотын захиргааны шинэ цогцолборын ажлыг гүйцэтгэх тендерт Солонгосын барилгын салбарт тэргүүлэгч “Халла Гонсол” компани шалгарсан бөгөөд ирэх оноос бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх юм.

                                                                                             Эх сурвалж : Шинэ байр.мн

Leave a Reply