Үндэсний Бүтээн Байгуулалтын Корпорацийн барьж байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын барилга угсралтын ажил эхлээд таван сарын хугацаа өнгөрсөн бөгөөд ажлын явц 42.2 хувьтай үргэлжилж байна.
Энэ хугацаанд корпорацийн зүгээс барилга тус бүрийн үе шатны ажлаар хяналт тавьж, мэдээ гаргаж байгаа юм.
Одоогоор “Буянт-Ухаа 2” хорооллын 24 барилгын үндсэн бүтээцийн ажил дууссан бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох 22 барилгын дотор өрлөг болон зоорын давхрын дулаалгын өрлөг дуусах шатандаа орлоо. Мөн эдгээр барилгын агаар сэлгэлт, дулаан, усан хангамж, бохир ус, цахилгаан, холбоо дохиоллын ажил хийгдэж байгаа ба цонх суулгах ажил 60 хувь, дээврийн ажил 40 хувь, гадна дулаалгын хөөсөнцрийн ажил 50 хувьтай үргэлжилж байна.
Түүнчлэн нэг барилга есдүгээр давхар, хоёр барилга наймдугаар давхрынхаа хэв хашмалын ажлыг гүйцэтгэж байгаа бол хоёр барилга долдугаар давхар, таван барилга зургадугаар давхрынхаа угсралтын ажилдаа ороод байна.
Мөн дөрвөн барилга тавдугаар давхар, гурван барилга дөрөвдүгээр давхар, хоёр барилга хоёрдугаар давхар, гурван барилга нэгдүгээр давхар, хоёр барилга зоорын давхрынхаа угсралтын ажлыг гүйцэтгэж байна.