You are currently viewing Орон сууцны үнэ буурсан шалтгаан юу вэ?

Орон сууцны үнэ буурсан шалтгаан юу вэ?

Өмнөх онуудад 28 орчим хувийн өсөлттэй явж ирсэн орон сууцны үнэ сүүлийн саруудад тогтмол буурсан үзүүлэлттэй байгаа юм. Орон сууцны үнэ буурахад ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн бэ гэдгийг хэд хэдэн эх сурвалжаас тодрууллаа.

“Макро эдийн засгийн өсөлт удааширсан нь орон сууцны үнэ буурах нэг шалтгаан болсон бөгөөд цаашдаа ч буурах хандлага харагдаж байна. Эдийн засгийн өсөлт саарах болсны гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, нийт эдийн засагт гаднаас болон дотоодоос нийлүүлэгдэж байгаа мөнгөний хэмжээ багассанаас үүдэлтэй” гэж МИК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантөгс хэлсэн бол өөр үндэслэл гаргаж тавих эдийн засагчид ч байгаа юм.

“Эдийн засгийн өсөлтийн хурд саарсан нь орон сууцны үнэ буурахад нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн. Тэрчлэн төрийн зүгээс хямд үнэтэй орон сууц захиалан бариулж эхэлсэн нь өндөр үнэтэй орон сууц авахгүй байх сэтгэгдлийг нийгэмд төрүүлж эхэлсэн, дахин төлөвлөлт амжилттай хэрэгжиж эхэлж байгаа нь хашаа байшингаа зарж байрны урьдчилгаа болгохоос илүүтэй байраар солих хүлээлтийг үүсгэсэн, найман хувийн хүүтэй зээлд хамрагдах санхүүгийн чадавхитай хэсгийн эрэлт дуусах тийшээ хандсан зэрэг нь орон сууцны үнэ буурахад нөлөө үзүүлсэн” гэж эдийн засагч Б.Дөлгөөн хэлж байна.

10 дугаар сарын байдлаар найман хувийн хүүтэй зээл олголт өмнөх сартайгаа харьцуулахад 30 гаруй хувиар буурсан байгаа нь урьдчилгаагаа төлж, зээлд хамрагдах санхүүгийн чадавхитай хэсгийн эрэлт дуусах тийшээ хандсан уу, эсвэл арилжааны банкууд бодлогын чанартай шалгуураа өндөрсгөж зээл олголтыг хумиад байна уу  алин болох нь удахгүй тодорхой болох биз ээ. Найман хувийн зээл олголт өмнө нь өсөж, бууран тодорхой хэмжээний хэлбэлзэлтэй явж ирсэн ч 2013 оны 11 дүгээр сараас хойш ингэж огцом буураагүй байдаг.  Судлаачдын таамаглаж байгаагаар ойрын үед орон сууцны хямдралууд ихээр зарлагдаж, үнийн бууралт хадгалагдахаар байгаа аж.

Орон сууцны үнэ буурсан нь таатай мэдээ хэдий ч төлбөрөө 100 хувь төлөөд байр авах нь байтугай урьдчилгаагаа ч дийлэхгүй, урьдчилгаа нь байлаа ч банкны шалгуурт тэнцэхгүй иргэдэд нэг их хамааралтай биш гэсэн үг. Тиймээс төрийн бодлогоор иргэдээ орон сууцжуулахаас өөр аргагүй юм.

П.Болор

Leave a Reply