Найман хувийн хүүтэй орон сууцны зээлээс гадна банкуудын өөрийн болон бусад эх үүсвэрээр олгосон ипотекийн зээлийг нэгтгэсэн статистик тайланг Монголбанкнаас сар тутам гаргадаг юм.
Хамгийн сүүлд гаргасан тайлангаас харахад 10 дугаар сард 1953 иргэн ипотекийн зээлд шинээр хамрагдаж 112 тэрбум төгрөгийн зээл авснаар нийт зээлдэгчийн тоо 63652-т хүрч, банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2,7 их наяд төгрөг олжээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 76,8 орчим хувь нь Улаанбаатарт, 23,2 хувь нь орон нутагт олгосон зээл байгаа аж.
Шинээр зээлд хамрагдсан 1953 зээлдэгчийн 1339 нь найман хувийн хүүтэй зээлд, 614 иргэн банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн найман хувийн хүүтэй зээлд 42772 иргэн хамрагдсанаар хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө дотоодын нийт бүтээгдэхүүний 7,5 хувийг эзэлж байсан орон сууцны зээлийн хэмжээ ДНБ-ний15 хувьд хүрч өсчээ.
Найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр болгож өнгөрсөн жил Монголбанкнаас 1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг 6-9 сарын хугацаатайгаар арилжааны банкуудад өгсөн юм. Одоогийн байдлаар арилжааны банкууд 880 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх найман хувийн хүүтэй зээлийг багцалж МИК-д өгөөд байна. Өөрөөр хэлбэл Монголбанкнаас гаргасан эх үүсвэрийг арилжааны банкууд үнэт цаас хэлбэрээр төлж байгаа гэсэн үг.
Орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаасны талаархи цөөн асуултад МИК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Гантөгсөөс тодруулга авлаа.
-МИК гурван удаа үнэт цаас гаргалаа. Нийт хэдэн зээлдэгчийн зээлийг багцлан үнэт цаасжуулсан бэ?
-“МИК-Актив1” компани2013 оны 12 дугаар сард 323 тэрбум төгрөгийн, “МИК-Актив 2” компани энэ зун 229 тэрбум төгрөгийн, МИК-Актив 3” компани саяхан 328 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаад байна. Тусгай зориулалтын компаниудын активыг бүрдүүлэхийн тулд найман хувийн хүүтэй зээлд хамрагдсан 19000 иргэний зээлийг багцлан авснаар дээрхи 880 тэрбум төгрөгийн үнэт цаасыг гаргасан гэж ойлгож болно.
-Үнэт цаасны 90 хувийг давуу эрхтэй, 10 хувийг энгийн эрхтэй үнэт цаас хэлбэрээр гаргаж байгаа. Ялгааг нь тайлбарлахгүй юу?
-Орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас нь дотроо хоёр төрөлтэй. Давуу эрхтэй үнэт цаас нь жилийн 4,5 хувийн хүүтэй, 20 хүртэл жил буюу тухайн зээлийн хугацаатай ижил хугацаатай. Давуу эрхтэй үнэт цаасыг Монголбанк арилжааны банкуудад олгосон эх үүсвэрийнхээ оронд шилжүүлэн авч байна. Монголбанкны эзэмшиж буй давуу эрхтэй үнэт цаас нь эрсдэл үүсэхгүй, үндсэн болон хүүгийн төлбөр урьдчилж төлөгддөгөөрөө онцлогтой үнэт цаас. Арилжааны банкуудын эзэмшиж байгаа энгийн эрхтэй үнэт цаас нь жилийн 10,5 хувийн хүүтэй. Энэ нь төлбөрүүд дараа хийгддэг, зээлийн эргэн төлөлтөөс шалтгаалан эрсдэл үүсэх магадлалтай үнэт цаас юм. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй боллоо гэхэд арилжааны банкуудын эзэмшиж байгаа энгийн эрхтэй үнэт цаасан дээр эрсдэл нь очих магадлалтай. Гэхдээ чанаргүй зээлийн хэмжээнд эзлэх ипотекийн зээлийн хэмжээ бага байгаа нь энэ зээл найдвартай гэдгийг харуулдаг юм. Орон сууцны зээлд хамрагдсан иргэн нэгэнт урьдчилгаа мөнгөө төлж зээлд хамрагдаад,орон сууцандаа амьдарч байгаа учраас зээлээ төлөхгүй байх нь ховор.
-Арилжааны банк өөрийн багцалж өгсөн зээлийнхээ хэмжээгээр энгийн эрхтэй үнэт цаасыг эзэмших үү?
-Арилжааны банкуудын зээл олголт харилцан адилгүй байж таарна. Жишээ нь: “МИК-Актив 3” компанийн багцалж авсан зээлийн багцын 30 хувийг Голомт банкны олгосон найман хувийн хүүтэй зээл эзэлж байгаа учраас арилжааны банкуудын авах ёстой энгийн эрхтэй үнэт цаасны 30 хувь нь Голомт банкинд ногдоно гэсэн үг.
-Дараагийн үнэт цаасыг хэдийгээр гаргахаар төлөвлөж байгаа вэ?
-Оны эцсээр “МИК-Актив-4” компани байгуулж дараагийн үнэт цаасаа гарган, өмнөхийн адил давуу эрхтэй 90 хувийгнь Монголбанк, энгийн эрхтэй 10 хувийг нь арилжааны банкууд авах хэлбэрээр үргэлжилнэ. МИК-Актив 1-ээс эхэлсэн схем давтагдаад явна гэсэн үг. Монголбанк болон арилжааны банкууд мөнгө гаргаад үнэт цаасыг худалдаж авч байгаа үйл явц огт биш гэдгийг дурдах хэрэгтэй. Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд оруулсан эх үүсвэрээ Монголбанк буцаагаад үнэт цаас хэлбэрээр эргүүлэн авч байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл 19000 зээлдэгчийн 880 тэрбум төгрөгийн зээлийг үнэт цаасжуулаад Монголбанк 90 хувийг нь эзэмшиж, эргээд хөрөнгө оруулагч болоод явж байгаа гэсэн үг. Энэ бол анхдагч зах зээл. Монголбанк болон арилжааны банкууд өөрсдийн эзэмшлийн хувиа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зарж болно.
-Тодруулга өгсөнд баярлалаа.
П. Болор