“Сүхбаатар аймагт бусад аймгаас илүүтэйгээр бүтээн байгуулалт өрнөж байна. Ирэх бүрийд шинэ зүйл үзүүлж харуулдаг. Энэ бүх бүтээн байгуулалт аймгийн удирдлагуудын идэвхи санаачлагатай холбоотой” гэж УИХ-ын дарга З.Энхболд тус аймагт ажиллах үеэрээ хэлж байсан.
Нээрээ л сонсоод байхад тус аймгийн Засаг Дарга Ж.Батсуурь гэж нэлээд хөдөлгөөнтэй нөхөр байдаг бололтой юм. Аймгийн төвөө орчин үеийн хот болгох зорилттой ажилласнаар өнгөрсөн онд 50 га газарт оршин суудаг 360 орчим өрхийг нүүлгэж газрыг дахин төлөвлөлтөд оруулжээ.
Дахин төлөвлөлт гэснээс үүдээд нэг зүйл дурдахад, нийслэлд хэрэгжиж эхлээд 2 дахь жилдээ орж буй уг төслийг Монголд анхлан хэрэгжүүлэгч нь Сүхбаатар аймгийн удирдлагууд бөгөөд хотын дарга Э.Бат-Үүл эндээс санаа авсан гэнэ.
Тус аймагт орон нутгийн хөгжлийн сангаас жилд 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг ч бүтээн байгуулалт, дэд бүтцэд жилдээ 60 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна. Үүний тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэл эрхлэгчид нь орон сууцны хорооллуудыг барилгын материалаар хангах үүрэг хүлээн ажилладаг ажээ.
Одоогоор аймгийн төвийн “Хаус”, “Элит”, “Канад”, “Бичил”, Малтай хороолол, Жишиг хороолол зэрэг 10 орчим хороололд 1300 өрх амьдардагнь аймгийн төвийн нийт өрхийн 30 хувийг эзэлдэг байна. Зөвхөн аймгийн төвөөр тогтохгүй 5 суманд 5 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд сумын төвд орон сууц м.кв-ын үнэ1.150.000 төгрөгөөс доош байна.
Энэ мэтчилэн “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө үр дүн сайтай ажилласан бол 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 1500 айлын орон сууцны “Энхжин” хорооллыг 2015 оны хавраас барьж, тухайн оныхоо 4 дүгээр улиралд эхний ээлжийг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.
Энэ жилийн хувьд хорооллын газар чөлөөлөлт, дэд бүтцийн ажлуудыг хийж дуусгасан байна. Хороолол баригдах газрыг үнэгүй олгосон, аймгийн төв нь урд хилтэй ойрхон учраас барилгын материалаа хямд үнэтэй оруулж ирдэг зэрэг давуу талууд нь хямд үнэтэй орон сууц зах зээлд нийлүүлэгдэх нөхцлийг бүрдүүлэх бололтой.
“Энхжин” хороолол нь дундаж орлоготой өрхүүдөд зориулагдсан, 80 м.кв-аас доош талбай бүхий 2 өрөө орон сууцтай байхаар төлөвлөгдсөн нь 8 хувийн зээлд хамрагдах боломжтой гэсэн үг.
Санаачлагатай ажилладаг гэдгээрээ бусад аймгийн дарга нараас ялгардаг Ж.Батсуурийг Засгийн Газарт оруулахаар тус аймгаас УИХ-д сонгогдсон М.Зоригт гишүүн нэлээд лоббидож байгаа сурагтай. Шинэ Ерөнхий Сайд давхар биш дан дээлтэй сайдуудаар танхимаа бүрдүүлэхээр шийдсэн бол Ж.Батсуурийг анхааралдаа авч мэдэх л юм. Тэрээр сайд биш юм аа гэхэд сэнтий дээшлэх магадлалтай нөхдийн нэг аж.
П.Болор