Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Барилгын салбарын удирдах ажилтаны зөвлөгөөн энэ сарын 23-27 ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Өнөөдөр энэхүү зөвлөгөөн “БАРИЛГЫН САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТ, НОРМ ба ДҮРМИЙН ХЭРЭГЖИЛТ” сэдвээр Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнийг Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам, МХЕГ, НМХГ, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбоо хамтран зохион зохион байгуулж байна.
Зөвлөгөөний нээлтэнд Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, дэд сайд Г.Байгалмаа, Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн сайд C.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл нар оролцож үг хэллээ.
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар: Барилгын салбарынхан маань хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэн энэ жилийнхээ зөвлөгөөнийг эхэлж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал бол барилгын компаниудын хувьд “орших, эс орших” хэмжээний асуудал гэдгийг салбарын хамт олондоо хэлж, хүний амь, эрүүл мэндийг хүндэлдэггүй этгээдэд энэ салбарт орон зай байх ёсгүй гэдгийг өөрийн цахим хуудсандаа онцоллоо.
Энэхүү зөвлөгөөнөөр барилгын салбарын төрийн болон хувийн хэвшлийн удирдах ажилтанууд, инженерүүд, нийслэл орон нутгийн барилгын компанийн төлөөлөгчид оролцож салбарт тулгамдаж асуудал, хөдөлмөр аюулгүй байдлын асуудал, цаашид хэрэгжүүлэх бодлого, салбарын хөрөнгө оруулалт, гадаад хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцон зөвлөлдөн хэлэлцэх юм..