Монголбанк энэ оны есдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Судалгаагаар “Орон сууцны үнийн индекс” энэ оны есдүгээр сард 9.3 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас -2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -8.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.1 хувиар буурчээ.
-ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС ГЭЖ ЮУ ВЭ-
Амьдран суух зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий үзүүлэлтийг орон сууцны үнийн индекс гэнэ.
Тухайн сард зарагдсан орон сууцнуудын үнийн энгийн дундаж үзүүлэлтээс уг индекс ихээхэн ялгаатай. Орон сууц бүр чанарын хувьд өөр байдаг учраас индекс тооцохдоо эдгээр чанарын ялгааг нь хасч, цэвэр үнийн өсөлтийг авч үзэх шаардлагатай юм. Хүмүүс орон сууц худалдаж, худалдан авахдаа байрлал, ашиглалтад орсон хугацаа, талбай, өрөөний тоо, гадаад орчны тохижилт, хөршүүд, байрлах давхар, машины зогсоол, гараж, дотоод засвар хийсэн байдал, тэр ч байтугай цонх нь хаашаа харсан, урьд нь ямар хүн амьдарч байсан гэх мэт маш олон шинж чанарыг харгалзан үнээ тохиролцдог.
Тиймээс орон сууцны үнэд шингэсэн эдгээр онцлог давуу тал бүрийн өртгийг хасч тооцож байж орон сууцны үнийн цэвэр өсөлтийг гаргана.
Шинэ орон сууцны үнийн индекс 18.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.1 хувиар буурсан байна.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 3.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.6 хувиар, оны эхэн үеэс -10.7, өнгөрсөн оны мөн үеэс -13.4 хувиар буурсан үзүүлэлт аж.
“Орон сууцны үнийн индекс”-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолдог бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5226 орон сууцны мэдээллийг хамруулсан юм байна.