You are currently viewing "Буянт-Ухаа 2"-т захиалга өгсөн, өгөх гэж байгаа бүх иргэдэд хамаатай сэдэв

"Буянт-Ухаа 2"-т захиалга өгсөн, өгөх гэж байгаа бүх иргэдэд хамаатай сэдэв

Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдаж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалга энэ сарын 7-нд эхэлсэн билээ. Ингэхдээ эхний ээлжид “Буянт-Ухаа 1” хорооллын журмын нөхцөл хангасан ч сугалаанд шалгарч чадаагүй үлдсэн байсан иргэдийг давуу эрхтэйгээр бүртгэсэн. Харин “Буянт-Ухаа 2” хороололд шинээр байр авах хүсэлтэй иргэдийн захиалгыг энэ сарын 14-ний өдрөөс авч эхэлсэн.

Буянт-Ухаа 2” хорооллын захиалга 80-90 хувьтай байна
Гэтэл өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 2” хорооллын захиалга 80-90 хувьтай байгааг эх сурвалж хэлж байна. Тодруулбал, энэ удаагийн хоёрдугаар ээлжийн хороололд нийслэлийн иргэд захиалга өгснөөр нийт 1620 айл орон сууцтай болох ёстой. Тэд 39.30, 49.23, 56.08 м кв гэсэн талбайтай 2 өрөө байруудаас гадна 68.59 м кв гурван өрөө байрнаас сонголтоо хийж буй.
Тус хороололд захиалга өгөгчдийн 50 хувийг “Буянт-Ухаа 1” хорооллын журмыг хангасан ч сонгогдож чадаагүй иргэдэд өгөхөөр болсон ч өнөөдрийн байдлаар тэдгээр иргэдийн 30 хувь нь л захиалга өгсөн байна. Иймээс нийт захиалга өгөгчдийн дийлэнх буюу 70 хувь нь шинээр захиалга өгч байгаа хүмүүс бөгөөд үүний 30 хувийг төрийн байгууллагууд квотоор авч байгаа ажээ.

gerelt_od_darga

Энэ талаар Төрийн орон сууцны корпорацийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт–Од “Өнөөдөр төрийн байгууллагууд ажилчдадаа квотоор байр захиалж болно. Харин хувийн хэвшлийнхэнд ийм ямар ч боломж байхгүй. Харин хувийн байгууллагад ажилладаг иргэд өөрсдөө хандаж захиалга өгөх бол нээлттэй” гэсэн юм.

Тэгэхээр өнөөдөр зах зээл дээр байгаа орон сууцнууд зарагдахгүй байна гэж байгаа ч танайхаас барьж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалга явагдаад 10 гаруй хонож байхад “байрны сонголтгүй болсон” гэдгийг иргэд хэлж байна.
Орон сууцны эрэлт хэзээд байсаар байгаа нь үүнээс харагдана. Гагцхүү худалдан авах чадвар буюу нийлүүлж байгаа орон сууцны үнээс хамаараад өнөөдөр барилгын салбар “түгжрээнд” орсон гэх яриа гараа юу даа гэсэн бодол төрнө. Учир нь “Буянт ухаа 2”-ын орон сууцны м кв-ын үнэ сая 350 мянган төгрөг байгаа юм.

Т.Гэрэлт –Од: Иргэдийг хариуцлагажуулж, эрсдэлийг тооцох үүднээс 5 хувийн шимтгэл авна гэж гэрээнд заасан

Ингээд Т.Гэрэлт –Одоос дараах асуултад хариулт авлаа.

-“Буянт ухаа 2”-т бэлэн мөнгөөр захиалга өгч байгаа иргэд хэр байна вэ?
-Нийт захиалга өгөгчдийн 10 орчим хувь нь 100 хувь бэлнээр захиалгаа хийлээ. Мөн гэрээгээ байгуулаад 70, 50 хувиар захиалгаа өгч байгаа иргэд ч байна. Янз янз даа. Гэхдээ “Буянт ухаа 2”-ыг Улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа шүү дээ. Иймээс хууль журмынхаа дагуу иргэдтэй 10 хувийн урьдчилгаагаа өгсөн тохиолдолд гэрээ хийж байгаа. Ипотекийн орон сууцны зээлийн журмын дагуу бол урьдчилгаа төлбөрөө 30 хувь төлөх ёстой. Иймээс 10 дугаар сарын 31-нд уг хорооллыг Улсын комисс хүлээж авсны дараа үлдэгдэл 20 хувиа иргэд төлж болно. Ийм нөхцөлтэй. Мөн боломжтой бол урьдчилгаа төлбөрөө ахиу 40, 50 хувиар ч төлсөн ч болно. Тухайн орон сууц худалдан авах гэж байгаа иргэдийн сонголт шүү дээ.

-Тэгэхээр улсын комисс хүлээгээд авчихвал ипотекийн журмын дагуу урьдчилгаа 30 хувиа заавал авна гэсэн үг үү?
-Тийм ээ.

-Тэгвэл зарим иргэд урьдчилгаа 10 хувиа төлчихөөд байж байя. Засгийн газраас яриад байсан 20 хувийн батлан даалт хэрэгжих ч юм билүү гэсэн хүлээлттэй байна?
-Иргэдийн урьдчилгаа 30 хувийн 20 хувийг Засгийн газраас батлан даана уу, үгүй юу бидэнд нэг их ач холбогдолтой зүйл биш. Яагаад гэхээр бид тухайн журам ямар байна. Түүнтэйгээ уялдуулаад 10 хувийн урьдчилгаа авч байж захиалгын гэрээгээ хийнэ. Харин “Буянт ухаа 2”-ыг Улсын комиссын акт 10 сарын 31-нд гарахад дээрх батлан даалтын журам хэрэгжиж эхлээгүй бол захиалга өгсөн иргэд 10 хувь дээрээ нэмж 20 хувиа төлөөд л орно. Тэгэхээр батлан даалтын асуудал хэрэгжих үү, үгүй юу гэдгийг Хөгжлийн банк, Сангийн яам, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Барилга хот байгуулалтын яамд л шийднэ. Энэ асуудал ямар түвшинд яваа вэ гэдгийг бид хэлж мэдэхгүй шүү дээ.

-Орон сууц худалдан авахаар гэрээ хийгээд, урьдчилгаа төлбөрөө төлчихсөн иргэд захиалгаа буцаа болбол 5 хувийн шимтгэл төлөхөөр гэрээндээ заасан байна гэж сонссон. Энэ талаар тайлбарлавал?
-Үүнийг гэрээндээ тусгаж өгсөн байгаа. Юун түрүүн бид иргэдийн өргөдөл, захиалгыг хүлээн авахаасаа өмнө “орон сууцаа зээлээр авах гэж байгаа бол тухайн харьцдаг банкан дээрээ очоод зээл гарах боломжтой эсэхийг заавал асууж лавлаад ир. Хэрэв банкнаас таны зээл боломжтой гэвэл таны материалыг хүлээн авна” хэмээн буцааж байгаа. Тэгэхээр манайхаас байр худалдан авах гэж байгаа иргэн нэгдүгээрт заавал тухайн зээл авах гэж байгаа банкныхаа эдийн засагчтай уулзаад “өөрийнх нь болон хамтрагчийнх нь цалин зээл авах хэмжээнд хүрэх үү, бусад шалгуураа хангаж чадахаар байна уу” гэдгийг лавлаад ир гэсэн шаардлага тавьж байгаа. Энэ шаардлагыг биелүүлээд банкнаасаа “Та зээл авах боломжтой. Тэдэн төгрөгийн зээл авах боломжтой” гэсэн хариу өгсөн тохиолдолд бид үйлчлүүлэгчтэйгээ гэрээ хийж байгаа. Гэтэл анхнаас нь ингэж шаардлага тавьсаар байтал, өөрсдөө “зээл авах боломжтой” гэсэн гэчихээд байр авахаа болилоо, буцаалаа гэсэн тохиолдолд урьдчилгаа төлбөрийн таван хувийн шимтгэл авч байгаа. Манай байгууллага энэ хотхон хорооллыг бас л Хөгжлийн банкнаас авсан богино хугацаатай зээлээр барьж байгаа. Үүнийхээ хүү зээлийг бид өөрсдөө ч төлөөд явж байгаа. Тэгэхээр иргэдийг хариуцлагажуулах гарсан эрсдэлийг энэхүү шимтгэлээс нөхөх үүднээс энэ шимтгэлийг авч байгаа. Тэгэхээр хамгийн гол нь иргэд манайхаас тавьсан шаардлагыг үнэн зөвөөр хангаад, өөрсдөө ч хариуцлагатай хандвал хаа хаанаа ийм чирэгдэл учрахгүй.

-Тэгвэл урьдчилгаа төлбөрийг захиалга өгснөөс тав хоногийн хугацаанд байршуулах ёстой гэсэн үү?
-Тиймээ. “Буянт-Ухаа 2” хороололд байр сонгох иргэд байрны баталгаажуулалтаа хийсний дараа тав хоногийн дотор урьдчилгаагаа дансанд байршуулах бөгөөд хэрвээ иргэдийн банкны зээл бүтэхгүй бол тухайн байрыг дараагийн иргэнд нээлттэй болгож, баталгаажуулалтыг цуцалж байгаа.

“Буянт-Ухаа 2″ хорооллын журам буюу Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдах орон сууцад захиалга авах, худалдан борлуулах журмаас захиадагчид хамгийн их хамаатай хэсгийг хүргэж байна. Үүнд:
Зургаа. Төлбөр төлөх нөхцөл
6.1 Орон сууц захиалах, худалдан авах хүсэлт бүхий иргэн нь худалдан авах орон сууцны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилгаа хэлбэрээр төлөх бөгөөд урьдчилгаа төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулж болно. Үүнд:

6.1.1 Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн аваагүй орон сууцын хувьд 10 хувийг төлж захиалгын гэрээ байгуулах бөгөөд үлдэгдэл 20 хувийг барилгыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан төлнө.
6.1.2 Урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 20-оос доошгүй хувийг банкны баталгаагаар шийдвэрлүүлэх бол энэ тухай хүсэлтээ бичгээр гаргаж, банкны баталгааны талаарх холбогдох журмын нөхцөл шалгуурын дагуу шийдвэрлүүлнэ.
6.2 ТОСК нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг орон сууцны барилгыг улсын комисст хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор бэлнээр, эсхүл банкны зээлээр төлүүлнэ.

Долоо. Журамд оролцогчдын хамтын ажиллагаа, хариуцлага
7.1 Энэхүү журмын харилцаанд оролцогчид нь хамтын ажиллагааны хүрээнд энэ журмын нөхцөл шаардлагыг хангаж ажиллах бөгөөд өөрсдийн бие даасан үйл ажиллагааны хүрээнд дараах хариуцлагыг хүлээнэ.

7.3 Орон сууц захиалах, худалдан авах хүсэлт бүхий иргэд нь дараах хариуцлагыг хүлээнэ. Үүнд:
7.3.1 Орон сууц захиалах, худалдан авах хүсэлт бүхий иргэн нь орон сууцны захиалга өгч, урьдчилгаа төлбөрөө төлөхөөс өмнө тухайн орон сууцны үлдэгдэл төлбөрөө хэрхэн төлж барагдуулах, банкны зээлийн нөхцөл, шалгуурыг хангах эсэхээ урьдчилан судалсан байна.
7.3.2 Байрны төлбөрийг энэхүү журмын 6 дугаар бүлэгт заасны дагуу төлнө.
7.3.3 Орон сууцны төлбөрөө бүрэн төлснөөр орон сууцны түлхүүрээ хүлээн авч, орон сууцдаа орно.
7.3.4 Байрны төлбөрийг захиалгын гэрээнд заасан хугацаанд төлж чадаагүйгээс гэрээ цуцлагдах нөхцөлд захиалгын гэрээнд заасан шимтгэлийг суутгуулан, урьдчилж төлсөн төлбөрөө буцаан авна.

7.3.5 ТОСК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд үлдэгдэл төлбөрөө банкны зээл, эсхүл бусад байдлаар төлж барагдуулах бол тухайн асуудлаа бие даан зохион байгуулна.

7.3.6 Иргэн нь энэ журмын 6.3.5-т заасны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрөө банкны зээлээр худалдан авч чадаагүйтэй холбогдон үүсэх бүх эрсдэлээ өөрөө хариуцна.

Урьдчилгаа төлбөрийн 20 хувийн батлан даалтыг хэрэгжихийг хүлээх хэрэгтэй юу

Тэгэхээр “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгөх сонирхолтой ТОСК-ийн гадна дугаарлаж буй иргэдийн дийлэнх нь “төр засгаас хэрэгжүүлэхээр амлаад байгаа урьдчилгаа 30 хувийн 20-д нь батлан даалт хэрэгжих болов уу” гэсэн асуултыг тавьж байсан юм. Тэгвэл энэ талаар одоогоор ямар нэгэн шийд Засгийн газрын хэмжээнд гараагүй байна. Барилга хот байгуулалтын шинэ сайд З.Баянсэлэнгэ хэлэхдээ “би энэ зээлийн талаар ойлголтгүй байгаа. МАН-ын шоу байсан. Гэхдээ Сайн судалж үзэх хэрэгтэй” хэмээн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлжээ. Тэгэхээр салбарын сайд нь ийм ойлголттой байхад эл асуудал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдгийг харах хэрэггүй гэлтэй.

Мөн энэ талаар Хөгжлийн банкны албаны эх сурвалж “Журмыг эцсийн байдлаар батлахын тулд таван байгууллагын таван талт гэрээ байгуулах ёстой. Үүний дараа журмыг олон нийтэд танилцуулна. Одоогоор энэ ажил 70-80 хувьтай үргэлжилж байна. Олон нийтэд худал мэдээлэл цацагдсан байна. Журам эцсийн байдлаар гараагүй гэж ойлгож болно” гэсэн байна. Тэгэхээр одоо зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа “орон сууцны зээлийн батлан даалтын журам гэдэг нь эцсийн байдлаар тогтоосон журам биш ажээ.

Иймээс иргэд орон сууц зээлээр худалдан худалдан авах бол одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн журмаараа авах юм байна.

Г.Уянга
olloo.mn

Leave a Reply