Өнгөрсөн долдугаар сард Засгийн газар Зээлийн батлан даалтын сантай хамтран ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон бууруулж, үлдэгдэл 20 хувийг гаргахаар шийдвэрлэж баталсан билээ. Улмаар улсын хэмжээнд Өрхийн мэдээллийн нэгдсэн сан судалгаа явуулж, түүндээ үндэслэн тухайн өрхийн бүлгийг тодорхойлсон юм.
7-15 дугаар бүлгийнхэн бол Монгол Улсын дундаж давхаргын иргэд. Өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлэгт багтах өрх улсын хэмжээнд 294.000 гаруй, нийслэлийн хэмжээнд 102.000 орчим байгаа аж.
Харин иргэдийн дунд 7-15 бүлэгт хамрагдаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх, уг бүлэгт ямар орлоготой хүмүүс хамрагдаж байгаа зэрэг олон асуулт бий болоод байна. Иргэд юун түрүүнд өөрийн оршин суугаа баг, сум, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандана. “Би аль бүлэгт хамрагдсан байна вэ” гэдгээ лавлахад нийгмийн ажилтан юун түрүүнд тухайн иргэнийг судалгаанд хамрагдсан байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлж өгнө. Тухайлбал, та хоёрдугаар бүлэгт хамрагдсан байвал уг тодорхойлолтыг бичгээр авна. Тухайн тодорхойлолтоо аймаг, дүүргийнхээ нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс дээр очиж, баталгаажуулна. Ингэснээр тухайн тодорхойлолт арилжааны банкууд болон хөгжлийн банкин дээр бодитой баримт бичиг болно. Энэ судалгаанд хамрагдаагүй иргэн байж болно. Эсвэл хамрагдсан хэдий ч өөрийнхөө хамаарах бүлгээ хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Ийм иргэд дахин үнэлгээнд орох боломжтой. Үүний тулд нийгмийн ажилтандаа хүсэлтээ гаргаад, яг тэдэн сарын тэдний өдөр үнэлүүлье гэдэг огноогоо тохирно. Ингээд нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс судлаач очиж, тухайн өрхөөр дахин зочилж, үнэлгээг гаргах юм. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд нийгмийн даатгал төлсөн байх зэрэг олон шалгуур бий. Ерөнхийдөө банкны шалгуурыг хангасан иргэн 7-15 дугаар бүлэгт хамрагдаж байвал бүрэн боломжтой юм.
Эх сурвалж: http://www.oronsuuts.com/8592/