You are currently viewing 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдах иргэн “Тодорхойлолт” авна

10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдах иргэн “Тодорхойлолт” авна

10 хувийн урьдчилгаатай ипотекийн зээлийн хөтөлбөр хэзээ хэрэгжиж эхлэх талаар иргэд сонирхож байна.

Энэ талаар БХБЯ-ны албан тушаалтнаас тодруулахад: “Засгийн Газрын түвшинд бүх шийдвэр гарч дууссан, одоо зөвхөн хэрэгжүүлэх ажил үлдлээ. Сангийн Яам, БХБЯ, ХАХНХЯ, Монголбанк, Хөгжлийн Банк зэрэг байгууллагууд оролцсон таван талт гэрээ хийгдэх нэг ажил байгаа. Энэ гэрээ удахгүй хийгдэж дуусаад иргэдэд зээл хүрч эхэлнэ” гэсэн хариултыг өглөө.

Тэгэхээр шалгуур хангах иргэд 8 дугаар сарын эхээр 10 хувийн урьдчилгаа төлж, 30 хүртэл жилийн хугацаатай зээлд хамрагдаж эхлэх бололтой.

ХАХНХЯ-наас гаргасан “Өрхийн мэдээллийн сан”-гийн 7-15 дугаар бүлгийн иргэд буюу дундаж амьдралтай иргэд энэхүү журамд хамрагдах ёстой.

Төрөөс үзүүлэх ямарваа нэгэн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх иргэнийг тодорхойлоход ашиглах зорилгоор өрхүүдийг 20 бүлэгт хуваан ангилсан энэхүү санг бүрдүүлэх ажлыг 2013-2014 онуудад “Орлогыг орлуулан тооцох арга”-аар хийж дуусгажээ.

10 хувийн урьдчилгаа төлж, орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэн уг сангийн хэддүгээр бүлэгт байгаа тухай тодорхойлолтыг аймаг, дүүргийнхээ Нийгмийн Халамж Үйлчилгээний Газраас авч, Хэлтсийн даргаар нь баталгаажуулах юм байна.

Энэ талаар Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын Хүн Амын Хөгжил, Нийгмийн Халамж Үйлчилгээний Газрын дарга М.Лхагвасүрэн:

“Одоогоор таван талт гэрээ хийгдээгүй байгаа учраас “Өрхийн мэдээллийн сан”-гийн хэддүгээр бүлэгт байгаа тухай тодорхойлолт гаргаж өгөх арай болоогүй. Учир нь Хөгжлийн Банктай гэрээ хийгдсэнээр тэднийх манай албан ёсны хэрэглэгч болж, хэрэглэгчийн эрхээрээ мэдээллийн санд нэвтрэн тухайн өрхийн мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгах ёстой” хэмээн ярьж байна.

Тэгэхээр таван талт гэрээ хийгдэж, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүрсний дараа иргэд уг сангийн хэддүгээр бүлэгт багтаж байгаа тухай тодорхойлолтоо харъяа аймаг дүүргийнхээ Нийгмийн Халамж Үйлчилгээний Газраас авах нь. Энэ тодорхойлолт нь орон сууцны зээлд хамрагдах иргэний бүрдүүлэх материалын жагсаалтад байх ёстой гэсэн үг.

Өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлэгт багтах өрх улсын хэмжээнд 294.000 гаруй, нийслэлийн хэмжээнд 102.000 орчим байдаг аж.

Журамд хамрагдаж 10 хувийн зээл авах иргэдийн зээл 30 хүртэл жилийн хугацаатай байх бөгөөд Хөгжлийн Банкны баталгаатай тэнцэх хэмжээний төлбөр бүрэн төлөгдөж дууссаны дараа баталгаа дуусгавар болохыг журамд тусгасан юм.

Үүний сацуу 30 хувийн урьдчилгаатай 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр урьдын адил үргэлжлэн хэрэгжинэ гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дотор нь 10 болон 30 хувийн урьдчилгаатай, 30 болон 20 жилийн хугацаатай гэж 2 ангилах нь.

Leave a Reply