Өнөө өглөө чуулганы нэгдсэн хуралдаанаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хуулийн төслийг баталсан. Ингэснээр арилжааны банкууд ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хуулийн төсөл өнөөдрөөс эхэлж хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Харин иргэд шууд таван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжгүй. Учир нь энэ сарын 11-ний өдөр Засгийн газраас тогтоол гаргаж, 100 ам метр хүртэлх талбайтай орон сууц худалдан авах зээлийн хүүг таван хувиар тооцох болсон ч энэхүү тогтоолын хэрэгжих хугацаа нь хараахан болоогүй байгаа юм.
Салбарын яамны мэдээлж буйгаар одоо үлдсэн нэмэлт журмуудыг нь боловсруулна. Мөн Төрийн орон сууцны корпорацийн саналыг харгалзан үзэж байгаад ирэх гуравдугаар сар гэхэд таван хувийн хүүтэй ипотекийн зээл эзэндээ хүрэх боломжтой болох юм байна. Түүнчлэн журмын дагуу иргэд 100 ам метр хүртэлх талбайтай орон сууцны зээлд таван хувь, харин түүнээс дээш талбайтай орон сууцны зээлийн хүүг найман хувиар авна.
Мөн өнөөдөр батлагдсан хуулийн дагуу байрны зээл авсан иргэд тухайн орон сууцаа шилжүүлэх буюу худалдах бол банкнаасаа зөвшөөрөл авна. Харин байраа хөлслөх буюу түрээслэвэл ямар нэг зөвшөөрөл авах шаардлагагүй юм.
Нэмж мэдээлэхэд, анх 2013 оны зургаадугаар сарын 17-ноос хойш олгогдож эхэлсэн ипотекийн зээлд банкууд өнөөг хүртэл нийт 76.600 өрхөд 3.4 их наяд төгрөгийн зээл өгчээ.