“Төрийн орон сууцны корпораци”-ийн Ерөнхий захирал А.Гантулга “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчидтай уулзлаа. “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцны барилгад өнөөдрийн байдлаар 1060 орчим иргэд захиалга өгөөд байгаа юм. Үүнээс 200 орчим захиалагч шинэ байрандаа ороод байна.
А.Гантулга захирал гэр хороололд 12 жил амьдарсан З.Цэрмаа гуайнд зочилсон юм. Өдгөө 83 насыг зооглож буй З.Цэрмаа гуай СонгиноХайрхан дүүргийн 22-р хороо Орбитод 12 жил амьдарчээ. Тэрээр 11 хүүхэд төрүүлж өсгөсөн алдарт эх. Хүүхдүүд нь ээжийгээ дулаахан тав тухтай газар амьдруулах гэж “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгч нэгдүгээр сарын 19-нд байрандаа нүүж ороод байгаа нь энэ. Тэрээр 39мкв 2 өрөө байранд ач хүүгийнхээ хамтаар амьдарч байна.
З.Цэрмаа гуай “Олон сайхан үр хүүхэд өсгөж хүмүүжүүлсэнийхээ гавьяаг эдлээд сууж байна. Би 12 жил гэр хороололд амьдарсан хүн. Нас өндөр болоод тэр үү утаа униар дунд нь амьдарч чадахаа болжээ. Өвөл бол хоолоо хорсоод сууж чадахын биш. Харин энд нүүж ирээд их сайхан байна. Агаар нь гэж яасан сайхан юм. Настай бидэнд дулаахан агаар сайтай газар байвал л болох нь тэр. Ийм сайхан орон сууц барьсан төр засагтаа баярлаж сууна даа.” гэж хэлж байсан юм.
Дараагийн зочилсон айл бол Г.Баттулгагийнх. Г.Баттулга гурван хүүхэдтэй. “Оюу толгой” компанид олон жил ажиллаж байгаа тэрээр агаар, орчин, хямд үнэ зэргээс шалтгаалж “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгсөн гэж байсан юм. Г.Баттулга “ Том охин маань 1-р хороололд сургуульд явдаг. Охиныхоо сургуультай ойр байр авья гэсэн боловч утаа ихтэй, бас үнэтэй байсан учраас “Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгсөн. Манай хороололд ирэх хавраас сургууль, цэцэрлэг баригдана гэсэн. Тэр нь их таалагдаж байгаа. Одоо нэг цэцэрлэг баригдсан байна лээ. Тэрэнд бага охиноо явуулж байгаад сургууль нь баригдахаар оруулна даа. Эхнэрийн маань л ажил хөнгөвчлөгдөж байгаа юм. Одоо байрандаа ороод 4 хонож байна. Харагдац их сайтай. Цонхоор Богд уулаа хараад цэвэр агаараар амьсаглаад л манайхан бүгд сэтгэл хангалуун байгаа” гэсэн юм. Г.Баттулга 68.59мкв гурван өрөө байранд 70 настай ээж эхнэр 3 хүүхдийн хамт амьдарч байна.
“Буянт-Ухаа 2” хорооллын 2-р ээлжид 9 давхар 18 ширхэг 972 айлын орон сууцны барилга, 12 давхар 60 ширхэг 3908 айлын орон сууцны барилга, 1250 хүүхдийн 2 сургууль, 280 хүүхдийн 3 цэцэрлэг, 7 давхар нэгдсэн автограж, спорт цогцолбор, 5 давхар 6 ширхэг худалдаа үйлчилгээний төв зэргийг барина.
ТОСК-ийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.