Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн Улаанбаатар хот дахь бүртгэл өнөөдөр эхэлж байна. Бүртгэл өглөөний 09 цагт эхэлсэн бөгөөд ажлын 8 цагаар бүртгэнэ. Бүртгэлд бүх хүмүүсийг хамруулах тул иргэд бүртгэлийн материалаа бүрэн бүрдүүлж авчрахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Тайлбар: 2016 оны 03-р сарын 21-ий өдрөөс эхлэн 04-р сарын 01-ий өдрийг дуустал явагдана.
-Харъяалах ангиллын хуваарьт өдрүүдэд бүртгүүлж амжаагүй болон материалын шаардлага хангаагүй буцаагдсан иргэд 03-р сарын 31-с 04-р сарын 01-нд дахин бүртгүүлэх боломжтой.
Шалгуур, үзүүлэлт
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур, үзүүлэлтэд
– Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн байх
– Тухайн орон нутагт түр болон байнга оршин суудаг
– Тогтмол орлогтой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх
– Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх
Бүрдүүлэх бичиг баримтууд
Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн “Төрийн орон сууцны корпораци”-д, орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй иргэн аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
– Үүнд: Иргэний цахим үнэмлэхний хуулбар
– Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
– Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
– Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар
– Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
– Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.