Төрийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр Авто тээврийн үндэсний төвд боллоо. Нээлтэд Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгальмаа, ТОСК-ийн ерөнхий захирал Б.Гантулга, тэргүүн дэд захирал Б.Алтанхуяг, дэд захирал Д.Оюунжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр ТОСК-ийн тэргүүн дэд захира Б.Алтанхуяг “Өнөөдөр сонгогдсон иргэдийн төлөөлөлд түлхүүрийг нь гардуулж өглөө. Эдгээр 350 өрх нь “Буянт-Ухаа 2” хорооллын байранд орж байна. Энэ нь бидний төлөвлөсөн ажлын нэг хэсэг бөгөөд ирэх долдугаар сард тус хорооллын үлдсэн 18 байр буюу 972 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгснөөр дараагийн шатандаа шилжинэ. Мөн ирэх зургадугаар сард нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороонд байрлах “Хангай” хотхоныг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна. Эдгээр орон сууцанд орох иргэдийгн сонгон шалгаруулалтад өмнө нь бүртгүүлсэн 3000 гаруй иргэд давуу эрхтэй оролцоно. Гэхдээ орон сууцанд орох хүсэлтэй иргэд мөн бүртгүүлэх боломжтой. Цаашид бид түрээсийн орон сууцанл орох хүсэлтэй иргэдийг ангилж ялгалгүйгээр нийт иргэдийн дунд сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.
Засгийн газраас баталсан 2015 оны 248 дугаар тогтоолоор “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Улмаар Барилга, хот байгуулалтын яамнаас “Иргэдийг түрээсийн орон сууцанд оруулах журам” боловсруулж баталсан билээ. Түрээсийн орон сууц хөтөлбөр нь манай улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд ТОСК-ийн захиалгаар “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж баригдсан орон сууцанд хуваарилагдсан квотын дагуу иргэдийг сонгон шалгаруусан юм. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ, Увс аймаг, Ховд, Архангай аймгуудад нийт 579 орон сууцыг түрээлслүүлж эхлээд байна.
Нийслэл хотын хувьд түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй нийт 2407 иргэн бүртгүүлснээс цахим сугалаа явуулж, сугалаагаар 350 иргэн орон сууцанд орох эрхээ хожоод байгаа юм. Түрээсийн орон сууцанд орох сугалаанд хожсон иргэд энэ сарын 9-ний өдрөөс барьцаа төлбөрөө төлж ТОСК-тай гэрээ хийж эхэлсэн. Одоогоор 250 орчим иргэн төлбөрөө төлж, түрээсийн гэрээгээ байгуулж эхнээсээ орон сууцныхаа түлхүүрийг гардан аваад байна. Цаашдаэа түрээсийн орон сууцанд орсон иргэд байраа өмчлөх эрхтэй болох ба тус ажлыг гурван ангиллаар явуулахаар болжээ. Нэгдүгээрт, тодорхой хугацаанд орон сууцаа түрээсэлж байгаад дараагийн хүндээ шилжүүлэх, хоёрдугаарт урьдчилгаа төлбөргүйгээр урт хугацаанд байрныхаа үнийг төлж барагдуулах, гурвадугаарт байрны урьдчилгаагаа төлөх явцдаа байраа өмчилж авах зарчмаар явагдана.