УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ярилцлаа.
-Ирэх жилүүдэд барилгын салбарт ямар шинэчлэл, өөрчлөлт хийгдэх вэ?
-Барилга, хот байгуулалтын салбар хамтдаа төлөвлөгдөж хийгддэг. Зах зээл хөгжсөн үед барилга байгуулалт гэхээс илүү хот төлөвлөлт нь чухал асуудал. Дан ганц Улаанбаатар гэлтгүй 21 аймаг, 300 гаруй сумын ирээдүйн хот төлөвлөлтийн асуудал, хотжилт, барилгажилтын асуудал өнөөдөр тулгамдсан асуудал болсон байна. Манай салбарын хамгийн тулгамдсан асуудал бол цэвэрлэх байгууламж. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал олон жил яригдаж, концесс, гадаад зээл тусламж гээд маш олон санхүүжилтийг шийдсэн ч амжилт олоогүй. Тиймээс Ерөнхий сайдаас үүрэг өгсний дагуу ирэх хавар гэхэд нийслэлчүүдийг өмхий үнэрээс салгах, орчин үеийн технологид суурилсан шинэчлэл хийхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Барилга, хот байгуулалтын яам нэн түрүүнд Төв цэвэрлэх байгууламж, ипотекийн зээл, дахин төлөвлөлт гэсэн үндсэн гурван чиглэлд гол ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
-Төв цэвэрлэх байгууламжийн асуудал жил бүр яригддаг ч нийслэл өмхий үнэрээсээ салж чадахгүй байна. Ерөнхий сайд танд хавар гэхэд өмхий үнэрээ арилгахгүй бол хариуцлага тооцно гэсэн. Дулааны улирал эхлэхээс өмнө нийслэлчүүд бид үнэрээсээ салах боломж бий юу?
-Төв цэвэрлэх байгууламж шинээр барих, 50 гаруй жил хуримтлагдсан 600 мянган метр куб лагийг үнэргүй болгох гэсэн хоёр арга хэмжээг авах шаардлагатай. Шинэ цэвэрлэх байгууламж байгуулахаар 20 орчим байгууллагатай уулзахад бүгд хөрөнгө босгож, барих сонирхолтой байна. Тухайлбал, 2010 Японы ЖАЙКА-гийн төслөөр шинэ цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлэх саналаа өгсөн байсан. ТЭЗҮ-гээ өөрсдийн хөрөнгөөр боловсруулж, бидэнд санал тавьсан байгаа юм. Тухайн үед Засгийн газар шийдвэрээ гаргасан бол өдийд бид үнэргүй сууж байх байсан. Одоо бидэнд байгаа ганц боломж нь БНХАУ-ын буцалтгүй тусламж. Хоёр улсын Засгийн газар тохирсон, УИХ-аар баталсан бэлэн байгаа. Ирэх оны хоёрдугаар улиралд эхлэх боломжтой, шинэ барилгыг боловсруулсан ТЭЗҮ-ээр дөрвөн жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн. Гэхдээ бид сонгон шалгаруулалт зарлахдаа хугацааг нь наашлуулах боломжтой гэж үзэж байгаа. Харин үнэрийг нь ямар технологиор яаж арилгах вэ гэдэг чухал. 1990 оноос өмнө гарсан лагийг зөөвөрлөж байсан. Гэтэл зах зээлд шилжсэнээс хойш бүх зүйл чөлөөтэй болж, лагийг зөөвөрлөхөө больж, хариуцлага суларсан.
Сонгуульд бүрийн дараа халаа, сэлгээ хийгдэж, тэр байгууллагын ажлын хариуцлага суларч гэж би хувьдаа дүгнэж байгаа. Одоо бид зөөвөрлөх үү, зүлэгжүүлэх үү гэдгээ шийдэхээр ажлын хэсэг байгуулсан. Шинэ цэвэрлэх байгууламж барих хүртэл, барьсны дараа ч өмхий үнэргүй байх боломжийг бүрдүүлнэ.
-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос ипотекийн зээл Засгийн газарт шилжинэ. Тэгэхээр Засгийн газар ямар бодлого баримтлах вэ?
-Ипотекийн зээлийг өнгөрсөн хугацаанд Монголбанк маш амжилттай хэрэгжүүлж, 100 мянга гаруй өрх жилийн найман хувийн зээлд хамрагдсан байна. Хэдийгээр амжилттай хэрэгжиж ирсэн ч ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хамрах хүрээг өргөн болгох шаардлага тулгарч байна.
Өнөөдөр зах зээл дээр 80 орчим мянган барилга баригдаж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтад орж, эзнээ хүлээж байна. Гэтэл нөгөө талдаа худалдан авагч байхгүй, урьдчилгаагаа төлөөд зээлд хамрагдах хүмүүсийн тоо буурсан. Нийслэлд 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд энэ тоотой дүйцэхүйц иргэдийг орон сууцжуулах шаардлага, хэрэгцээ тулгарч байгаа. Тиймээс баригдсан барилга, орон сууцанд орох иргэдийнхээ боломжийг харгалзан ипотекийн зээлийн төрлийг өөрчлөх шаардлагатай байна. Учир нь, зах зээл дээр урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотекийн зээлд хамрагдах иргэд цөөрсөн. Монголбанк ипотекийн зээлд зориулж, шинээр хөрөнгө босгохгүй. Гэхдээ өмнө нь олгогдсон зээлийн эргэн төлөлтөөр дахин зээл олгох боломжтой. Урьдчилсан тооцоогоор 2018 онд ипотекийн зээлийн эргэн төлөлт 200 гаруй тэрбум төгрөг эргэн төлөгдөнө. Энэ мөнгөөр эргэн ипотекийн зээл олгож, ойролцоогоор 4000 орчим айлыг орон сууцжуулах боломжтой. Түүнээс гадна Засгийн газар эх үүсвэр бий болгох шаардлагатай учраас 2018 оны төсөвт 120 тэрбум төгрөг суулгасан. Тэгэхээр энэ мөнгөөр зорилтот бүлэг, төрийн албан хаагч түүн дотроо багш, эмч нарыг тусгайлан хөтөлбөрөөр хангах зорилт тавин, ажлын хэсэг ажиллаж байна.
Мөн гадаадын хөнгөлөлттэй зээл тусламж, Монголбанкинд үндэсний хөрөнгөөр баталгаажсан орон сууцны бондыг хоёр дахь зах зээлд гаргаж, мөнгө босгох тодорхой зорилт тавин тусгай хөтөлбөр боловсруулж байна. Удахгүй Засгийн газарт өргөн барина. Жилд ипотекийн зээлд 15 мянган орчим иргэн хамруулах төлөвлөгөө бий.
–Орон сууцанд орох иргэдэд 30 хувийн урьдчилгаа хамгийн том босго. 30 хувийн урьдчилгааг бууруулах боломж бий юу?
-Урьдчилгааг бууруулах боломжийг бид хайж байгаа. Түүнээс гадна 4000 айлын түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зөв гэж бодож байгаа. Нийслэл, орон нутагт 1500 айл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Түрээсийн орон сууц нь урьдчилгаа төлбөргүй, сар бүр тодорхой төлбөрийг түрээс маягаар төлж байгаа. Түрээсээ төлж дууссаны дараа тухайн орон сууцаа өөрийн эзэмшилд авах боломжтой. Энэ боломжийн хувилбар гэж бодож байгаа ч түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тодорхой барьцаа хэрэгтэй. Тухайлбал, төрийн албан хаагч бол төрийн албанд ажилладаг, ийм төгрөгийн цалинтай, орлоготой гэсэн баталгаа гаргаж өгч болно. Гэтэл нөгөө талдаа барьцаатай, байнгын орлоготой гэдгээ нотолж чадахгүй зорилтот бүлэгт бас ямар боломж олгох вэ гэдгийг судалж байна. Түүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд газрыг нь орон сууцаар солих ажил хийгдэж буй. Газар чөлөөлөх явцад тухайн айлын газрыг чөлөөлсөн ч түр байрлуулах байрны хангамж байхгүй байгаа. Тиймээс газар чөлөөлөлтөд зориулж Дэнжийн 1000-ын ойролцоо 1000 айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй зээлээр хэрэгжүүлэхээр Засгийн газарт саналаа өгсөн. Энэ орон сууц ашиглалтад орвол газраа чөлөөлсөн айлууд байраа ашиглалтад ортол түр амьдрах боломжтой. Зээлийг өргөн хүрээтэй болгох, урьдчилгааг бууруулах эсвэл түрээсээр орон сууцжуулах гэсэн чиглэлээр ажиллаж байна. Хамгийн чухал нь хөрөнгө босгох.
-Төрийн орон сууцны корпораци буюу ТОСК-оос түрээс, өртөг багатай орон сууцжуулах ажлыг хийдэг. ТОСК-оор дамжуулан зорилтот бүлгийг орон сууцжуулах ажил үргэлжлэх үү. Ялангуяа түрээс, хямд үнэтэй орон сууцыг нэмэгдүүлэх боломжууд бий юу?
-Энэ бол маш чухал. Гадны орнуудын туршлагаас харахад Төрийн санхүүжилтийн корпораци эсвэл Төрийн орон сууцны корпораци гэж төрийн ямар нэг байгууллагаар дамжуулан хямд үнэтэй орон сууцаар иргэдээ хангах шалгарсан аргыг ашигладаг. ТОСК одоогоор 300 тэрбум төгрөгийн өртэй байгаа. Энэ өрийн асуудлыг шийдэж, ТОСК-ийн хэвийн үйл ажиллагаанд оруулах ажлыг бид судалж байгаа. Тухайлбал, ТОСК-д Буянт-Ухаад 60 хувийг нь бариад, хөрөнгө оруулалтаас үүдэж гацсан 972 айлын орон сууц хүлээгдэж байна. Одоогоор 32 тэрбум төгрөг шаардлагатай байгаа учраас бид эхний ээлжинд энэ мөнгийг Хөгжлийн банк, 2018 оны төсөв зэрэг хөрөнгө оруулалтаас шийднэ гэж бодож байгаа. Цаашид тодорхой ажил эрхэлж буй залуу гэр бүл, төрийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах шаардлагатай.
Түүнээс гадна урьдчилгаа 30 хувьтай тэнцэх мөнгийг нь төр өгөх хувилбар байж болно. Хамгийн гол нь хөрөнгийн асуудал. Энэ мөнгийг Монголбанк, улсын төсөв гаргах боломжгүй учраас барилгын салбарыг эргэлтэд оруулахын тулд гадны хөнгөлөлттэй зээл, тусламж байж болно. Мөн орон сууцны бондыг зах зээлд гаргаж, мөнгө босгох боломж бас бий.
-Орон сууцны зах зээл дээр 30 мянган байр бэлэн байна. Бэлэн байгаа орон сууцаа яаж ашиглах вэ. Төр иргэдээ орон сууцжуулахдаа зах зээл дээр нэгэнт баригдчихсан бэлэн байруудыг ашиглах ямар боломж байна вэ?
-Ажлын хэсгийн зүгээс бэлэн байгаа орон сууцны үнийг бууруулахын тулд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үнийг нь бууруулж худалдаж авах асуудлыг судалж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэдэд хэрэгцээтэй метр квадраттай орон сууцыг үнийг нь буулгаж, төр өөрийн хөрөнгөөр худалдаж авч, ТОСК-оор дамжуулан түрээсийн орон сууц хэлбэрээр олгох боломжийг судалж байна. Төр тендерээр шалгаруулж авахын тулд үнийг нь бууруулах боломжтой.
-Барилгаа хямд үнээр өгөх аж ахуй нэгж олдох уу?
-Аж ахуй нэгжүүд мөнгөө бөөнөөр нь авах боломжтой. Яагаад гэвэл барилгын салбар царцанги байдалд орж, аж ахуй нэгжүүд орлого буурч, шинээр барилга барих ажил зогсонги байдалд орсон. Ийм үед хямд үнээр төрд зараад, дараагийн орон сууцаа барих боломж бүрдэнэ. Гэхдээ төр шууд хямд үнээр худалдаж авах боломжтой эсэх, аж ахуй нэгжүүд ийм боломжийг сонгох эсэхийг бид судалж байна. Нөгөө талд энэ нь барилгын салбарыг хямралаас гаргах нэг боломж байж болно.
–Орон сууцны үнэ бууруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх нь чухал. Гэхдээ зах зээл дээр бэлэн байгаа орон сууцыг төр худалдаж авахаас гадна зах зээлийнх нь эргэлтэд оруулж, бэлэн орон сууцнуудыг борлуулах тал дээр тодорхой арга хэмжээ авах боломжтой юу?
-Бид чөлөөт зах зээлтэй учраас боломжтой нь өндөр үнээр, боломж багатай нь хямд өртгөөр байраа худалдан авах, худалдах ёстой. Төрийн зүгээс сонгон шалгаруулалт зарлах, хямд өртгөөр худалдаж авах боломжтойг нь авах, үлдсэнийг нь зах зээлийн хуулиараа зохицуулагдана.
-Иргэдээ орон сууцжуулах түрээсийн орон сууц, урьдчилгаа бууруулах, төр урьдчилгаа 30 хувь төлөх гээд энэ олон ажил хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Бид эхний ээлжинд буюу 2018 онд 15 мянган айлыг орон сууцжуулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд санхүүжилтээ шийдэх нь чухал байна. Ямар ч гэсэн дэвшилтэт аргаар ард иргэдийн хүсэн хүлээсэн орон сууцтай болох мөрөөдлийг биелүүлнэ.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжлэх үү. Урьдчилгаагүй иргэд газраа урьдчилгаанд өгөөд орон сууцтай болох, агаар, хөрсний бохирдлыг бууруулах хамгийн том арга нь дахин төлөвлөлт. Дахин төлөвлөлт хийхэд хамгийн чухал нь дэд бүтэц байх?
-Нийслэлийн хэмжээнд 36 байршилд дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн. Эхнээсээ газраа чөлөөлж, барилгаа бариад эхэлсэн, ашигтай ажиллаж байгаа компаниуд байна. Барилгаа огт эхлээгүй, явуулж чадахгүй байгаа аж ахуй нэгж бас байна. Ерөнхийдөө хотын төвд ойрхон, хэрэгцээ өндөртэй газарт хэрэгжиж, хотын зах руу хэрэгжилт багатай байгаа нь ажиглагдаж байна. Хамгийн чухал нь дэд бүтэц. БНХАУ-аас орж ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэлийн төв хэсэг, дэд бүтэц шийдэхээр төлөвлөсөн байгаа. Санхүүжилтийн асуудлыг шийдвэр хотыг орон сууцжуулахад маш том асуудал шийдэгдэнэ гэсэн үг.