Ерөнхий сайдын УИХ-д хийсэн мэдээллээс Орон сууцны хангамж, ипотекийн зээл олголтын талаарх мэдээллийг онцлон хүргэж байна.
Мэдээлэлд:
Улаанбаатар хотод өнөөгийн байдлаар 80 орчим мянган айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байгаагаас 30 мянган айлын орон сууц ашиглалтад орсон, борлуулалт нь 30 орчим хувьтай байна.
Орон сууцны эрэлт хэрэгцээтэй боловч худалдан авах чадварын хувьд хүрэлцэхгүй байгаа, арилжааны банкнаас тавьж байгаа өндөр шаардлага, нөхцөлийг хараахан хангаж чадахгүй байгаа иргэдэд ипотекийн зээлийг хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсантай холбогдуулан ипотекийн зээлийн хөтөлбөрийг төсвийн шинжтэй санхүүжилт гэж үзэн ипотекийн зээлийг Монголбанкны эх үүсвэрээр санхүүжүүлэхийг хязгаарласан.
Иймээс ипотекийн зээлийг Засгийн газар өөрийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр болж Монгол Улсын 2017 оны төсвөөс 111.0 тэрбум төгрөгийг, Монголбанкнаас зээлийн үндсэн төлөлтийг буцаан таталгүйгээр 192.0 тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг дахин санхүүжүүлсэн. Энэ оны тухайд Засгийн газраас 120.0 тэрбум төгрөг, Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 180.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс орон сууц худалдаж авсан иргэдэд ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой болсон.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого баримталж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэж заасны дагуу хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Монголбанк, Төрийн орон сууцны корпораци, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр зэрэг газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг 2017 онд байгуулж ажиллуулсан.
Ажлын хэсэг Засгийн газраас хэрэгжүүлэх орон сууцны зээлийн хөтөлбөрийг зээлдэгчийн нийт хугацаанд төлөх зээлийн дарамтыг бууруулах, түрээслээд эзэмших тогтолцоотой хослуулан хэрэгжүүлэх, уг арга хэмжээнд Монголбанкны ипотекийн зээлийн эргэн төлөгдөж буй эх үүсвэрийг ашиглах талаарх саналыг боловсруулж байна.
Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоолоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсанаар гэр хорооллын дахин төлөвлөлтөөс орон сууц худалдаж авсан иргэдэд ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэй олгох боломжтой болсноор тус төслийн орон сууцны борлуулалт харьцангуй сайжирч байна гэв.