You are currently viewing ТОГТООЛ ГАРВАЛ АРАВДУГААР САРААС ИРГЭДЭД ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

ТОГТООЛ ГАРВАЛ АРАВДУГААР САРААС ИРГЭДЭД ОРОН СУУЦ ТҮРЭЭСЛҮҮЛНЭ

Төрийн орон сууцны корпорацийн Гэрээ хөрөнгийн удирдлагын газрын түрээсийн мэргэжилтэн Г.Шагшжаваас түрээсийн орон сууц хаана баригдаж байгаа, хэзээ ашиглалтад орох, тухайн орон сууцад хамрагдах иргэдэд ямар шалгуур, нөхцөл тавигдах талаар тодрууллаа.

-Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн сонирхлыг ашиглаж, хуурамч линк сошиал орчноор ихээхэн тархаж, иргэдийг хуурч, бухимдуулж байна. Ер нь Төрийн орон сууцны корпорацаас энэ жилийн хувьд түрээсийн орон сууцыг хаана барьж, байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Төрийн орон сууцны корпорацын захиалгаар баригдаж байгаа Буян ухаа-II хорооллын хоёрдугаар ээлж буюу 18 барилга 972 айлын орон сууц одоогоор 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин орон нутагт Говь-алтай, Дундговь, Хөвсгөл, Орхон аймагт баригдаж байгаа байр 23-60 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байна. Уг орон сууцыг барьж ашиглалтад оруулсны дараа Засгийн газрын тогтоолоор түрээсийн орон сууцны санд шилжүүлбэл, 2018 оны 10, 11 сард түрээсийн орон сууцтай болох боломжтой. Ер нь аравдугаар сард багтаан барилгын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэж өг гэсэн тогтоол гарсан байгаа. Энэ хугацаанд багтаан дуусгахаар ажиллаж байна.

-Хэрвээ Буянт ухаа-II хорооллын байр түрээсийн санд шилжвэл түрээсийн төлбөр хэчнээн төгрөгийн үнэтэй байх юм бэ?

-Түрээсийн орон сууцны үнийн талаарх Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 25 тоот тушаал байдаг. Үүнд орон нутагт м2 4500, нийслэлд м2 6000 төгрөгийн түрээсийн ханштай байна гэж заасан байдаг. Тэгэхээр Буян ухаа-II хороолол түрээсийн орон сууцны санд орвол уг тушаалын дагуу үнээр түрээсэлнэ гэсэн үг.

-Буянт ухаа-II хорооллын байрыг түрээсийн санд шилжүүлбэл түрээслэх иргэдэд ямар шалгуур, нөхцөл тавих юм бэ?

-Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах журам байдаг. Үүнд найман зорилтот бүлгийн иргэдийг хамруулна гэж заасан. Тухайлбал, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн байгууллагад ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байгалийн гамшигт нэрвэгдсэн өрх хамрагдана. Тавигдах шаардлага гэвэл инженерийн шугам сүлжээнд холбогдсон өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх, түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлаа төлөөд өрхийн амьжиргаагаа залгуулах хэмжээний орлоготой байна. Өрхийн орлогоос нь хамааруулан орон сууцны метр квадратын хэмжээг нь ТОСК-оос хуваарилдаг.

-Бүрдүүлэх бичиг баримтын хувьд?

-Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, ТОСК-оос батлагдсан өргөдлийн маягт бөглөнө. Хорооны тодорхойлолт, зээлийн лавлагаа, өрхийн орлого багтана. Мөн зорилтот бүлгээс хамааруулан ахмад настан бол төрөөс авсан гавьяа шагнал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол хөдөлмөрийн чадамж алдсан хувь хэмжээ, төрийн албан хаагч бол төрийн байгууллагад хэдэн жил ажилласан лавлагааг шаардлагатай.

-Хэдэн хувиар хөдөлмөрийн чадамжаа алдсан иргэн түрээсийн орон сууцад хамрагдах боломж юм бэ?

-Зорилтот бүлгийн өрхийг түрээсийн орон сууцад хамруулах журамд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадамж алдсан хувь хэмжээгээр нь эрэмбэлдэг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй ангилалд 100 орон сууц шилжүүллээ гэж бодоход 200 иргэн материалаа өгсөн тохиолдолд тухайн иргэдийг хөдөлмөрийн чадамж алдсан хувиар нь эрэмбэлээд эхний 100, 90, 80 хувийн хөдөлмөрийн чадамж алдсан буюу өндөр хувиар хөдөлмөрийн чадамж алдсан иргэдийг эхний ээлжид хамруулдаг.

-Буянт ухаа-II хороолол түрээсийн санд шилжвэл хэзээнээс иргэдийн материалыг авч эхлэх вэ. Ингэхдээ бичгээр авах юм уу, вэб хэлбэрээр авах юм уу. Бичгээр авахад иргэдийн дунд ихээхэн оочир дараалал үүсдэг?

-Уг орон сууцыг улсын комисс хүлээж авсны дараагаар Засгийн газраас түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн тогтоол гарсны дараа иргэдээс материал авч эхэлнэ. Өмнө нь 2016 оны гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 1-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд иргэдээс бичгээр материалыг нь авч байсан. Харин  Буян ухаа-II хоёрдугаар ээлжийн барилга түрээсийн орон сууцны санд шилжвэл иргэдээс материал хүлээж авахдаа ямар байдлаар авахыг зөвшилцөж байгаа. Иргэдээс материалыг бичгээр авахаар хүн болгон хамрагдаж байгаа ч оочир дараалал үүсэх тал байдаг. Харин цахимаар авахад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд цахим сүлжээнд холбогдож чаддаггүй гэсэн санал хэлдэг. Тэгэхээр тухайн үед нь шийд гаргаад мэдээлнэ.

-Түрээсийн орон сууцад хамрагдах шалгуур, нөхцөлийг хангасан олон иргэд байгаа. Тэгэхээр шалгаруулалт нь яаж явагдах юм бэ?

-Шалгаруулалтын хувьд өмнө нь цахим сугалаа сугалж байсан. Нийт бүртгүүлсэн иргэд зорилтот бүлэг тус бүрээр сугалдаг байсан. Сүүлд Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 26 тоот тушаалаар зорилтот бүлэг тус бүрээр нь эрэмбэлдэг болсон. Тухайлбал, төрийн албан хаагч гэхэд төрд ажилласан жилээр нь эрэмбэлнэ гэсэн үг. Залуу гэр бүл гэхэд хамгийн олон хүүхэдтэйгээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн чадамжаа алдсан хувь хэмжээгээр нь, байгалийн гамшигт нэрвэгдсэн бол байгалийн гамшигт нэрвэгдсэн огноогоор нь, өрх толгойлсон эцэг, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг хүүхдийнхээ тоогоор эрэмбэлнэ.

-Сүүлийн түрээсийн орон сууц сонирхож байгаа иргэдийн сонирхлыг ашиглаж түрээсийн орон сууцны талаар хуурамч линк сошиалаар маш явж байгааг ярилцлагын эхэнд дурдсан. Тэгэхээр иргэд түрээсийн орон сууцтай холбоотой үнэн мэдээллийг хаанаас авч болох вэ?

-Төрийн орон сууцны корпорацийн албан ёсны вэб сайт, фэйсбүүк хуудаг байдаг. Энэ хуудаснаас албан ёсны үнэн зөв мэдээллийг авч болно.