Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх танхимд Барилга,хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар улиран томилогдлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар Бэгзжавын Мөнхбаатарыг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг гардууллаа.
Түүний хувьд өнгөрсөн онд ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулж ажилласан төдийгүй хүн амыг орон сууцаар хангах 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр болох “Солонго-1, 2”, “Ногоон нуур” 1008 айлын орон сууц хөтөлбөр “Сумын хөгжил” төсөл хөтөлбөрүүдийг амжилттай эхлүүлсэн юм.
Мөн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачилж, хэлэлцүүлэхээр болсон. Хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилна, Ногоон хөгжлийн шаардлагыг хангасан, “Ногоон хот байгуулалт” бий болох нөхцөл бүрдэх юм. Цаашид хот, суурингийн тэлэлт, шаардлагагүй дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, одоогийн үүссэн бүх хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Ажилласан байдал:
- 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2001-2002 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны улс төрийн ахлах ажилтан
- 2002- 2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга
- 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
- 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга
- 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
- 2014-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд
- 2016-2018 онд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2018 онд “Эрдэнэс оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- 2019 оноос Барилга, хот байгуулалтын дэд сайд
- 2020 онд Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдсон.
Б.Мөнхбаатар нь эрхэлсэн ажилдаа хариуцлагатай нэгэн бөгөөд улсад 19 жил үүнээс төрийн удирдах албан тушаалд 12 жил ажилласан туршлагатай.
Б.Мөнхбаатарын салбарын сайдаар ажиллаж байх хугацаандаа хийсэн ажлуудаас дурьдвал:
- Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эрчимжүүлж биологи цэвэрлэгээний байгууламжийн хөрсний суурин ажлыг хийж дуусгасан.
- Барилга байгууламжийн зураг төслийн баримт бичгийг магадлалын нэгтгэсэн дүнгээр баталгаажуулсан.
- Шинээр цэвэр, бохир усны шугам татах ажлыг хийж дуусгасан.
- Мэргэжилтнийг мэргэшүүлэх цахим сургалтад хамруулсан.
- Шинэ зуун мод, Майдар хотыг шинээр байгуулах тогтоолын төслийг батлуулав.
- Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан.
- Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь болгон бууруулсан.
- Орон нутгийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан гэх мэт олон ажлыг санаачлан хийсэн байна.