УОК, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 11-ний 06:00 цагаас 23-ны 06:00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор УОК-ын өгсөн үүрэг чиглэлийн дагуу БХБЯ, салбар газар, нэгжүүдийн албан хаагчид дүүргүүдэд хуваарилагдан, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд “ТОСК” ТӨХХК-ийн эрэгтэй 14 албан хаагч 08:00-22:00 цагийн хооронд хоёр ээлжээр нийслэлийн зургаан дүүргийн холбогдох байршлуудад эргүүл, хамгаалалтын ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна. Харин эмэгтэй албан хаагчид эргүүлд гарч буй албан хаагчиддаа халуун хоол, цай хүргэж өгч үйлчилж байгаа юм.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед Барилга, хот байгуулалтын яам болон салбар байгууллагууд “Нэг хүч, нэгдмэл зорилго” уриан дор нэгдэж, нэг хүчээр ажиллаж байна. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яам, “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨХХК, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, барилга болон газрын салбарын нийт 147 албан хаагч үүрэг гүйцэтгэж ажилласаар байна.
Иргэд та бүхнийг хөл хорионы дэглэмээ сахиж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, гэртээ байж, цахимаар золгохыг уриалж байна. Мөн иргэн та “Нэг хаалга – нэг шинжилгээ” үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, цар тахлын халдварыг хумиж авахын төлөө хамтдаа хичээцгээе.
Нэг хүч, нэгдмэл зорилго – Хамтдаа хичээцгээе