You are currently viewing БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг Монгол Улс нь 2016 оны есдүгээр сарын 01-ний өдөр Улсын их хурлаар соёрхон баталж, Засгийн газрын 2019 оны 407 тоот тогтоолын хавсралтаар “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт” (ҮТХН)-ийг баталж хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. ҮТХН-д Монгол Улсын Барилгын салбар нь 2030 он гэхэд 830 мянган тонн нүүрстөрөгчийн хийтэй дүйцэх хэмжээ бүхий хүлэмжийн хийг бууруулах дэд зорилтыг дэвшүүлсэн. Дээрх зорилтод хүрэх барилгын салбарын арга хэмжээний төлөвлөгөөний (2021-2030) төслийг БХБЯ-ны захиалгаар Зөвлөх баг боловсруулж байгаа бөгөөд салбарын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор тус яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газруудын албан хаагчид төслийн шатанд хэлэлцэж, санал солилцлоо.

Энэхүү “Барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө 2021-2030” батлагдсанаар хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, ногоон хот, тосгоныг төлөвлөх, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийн судалгаа, барилгын материалын үйлдвэрлэл, ногоон барилгыг үнэлэх, гэрчилгээжүүлэх, санхүүжилт, урамшууллын тогтолцоог хөгжүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилга байгууламжийн зураг төслийг ногоон барилгын шаардлагад нийцүүлэх зэрэг үе шаттай хөгжүүлэх, олон улсад хүлээсэн үүргийг хангуулах үндэслэл болно.