Орон сууцны санхүүжилтийн корпораци, Солонгосын үндэсний орон сууцны корпорацитай хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны үндсэн дээр 8 хүний бүрэлдэхүүнтэй баг Солонгосын Үндэсний Орон сууцны корпорацийн үйл ажиллагаатай танилцаж, “Хот дахин төлөвлөлт, орон сууцны хотхон байгуулах” сэдэвт сургалтанд хамрагдлаа. СҮОСК нь бага, дунд орлоготой иргэдийг түрээсийн болон хувийн орон сууцаар хангах зорилгоор 1962 онд байгуулагдсан, эдүгээ улсынхаа нийт орон сууцны 30-40%-ийг барьж байгуулдаг, 3076 ажилтантай төрийн өмчит байгууллага юм.
Сургалтын хүрээнд СҮОСК-аас хэрэгжүүлж буй орон сууцны цогцолбор хотхон байгуулах болон хуучин хорооллыг дахин төлөвлөх замаар шинэ орон сууц барих томоохон төслүүд, орон сууцны орчин үеийн хотхоны төлөвлөлт, газрын менежмент, Солонгосын орон сууцны хөгжлийн түүх зэрэг асуудлаар туршлага судалж, сургалтанд хамрагдлаа. Мөн түүнчлэн 30000 айлын орон сууц бүхий Пангё шинэ хотхоны барилгын ажлын явц, Соннам хотын хуучин хорооллын дахин төлөвлөлтийн байдалтай газар дээр нь очиж танилцсан юм.
Сургалтын үеэр СҮОСК-ийн дэд ерөнхийлөгч Ree, Yong Rag болон холбогдох удирдлагуудтай уулзан ярилцаж, ОССК-аас хэрэгжүүлж эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөө танилцуулж, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцлоо.