You are currently viewing БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллалаа. Чингис хотын гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, Хэрлэн нэгдүгээр сургуулийн барилгын ажлын явц, Шинэ Өндөрхаан хороолол, ТОСК-ын 60 айлын барилгын төлөвлөлт, “Тэмүүжин” хаус хорооллын дэд бүтэц, “Хэнтий орон сууц”-ын барилгын явц, энэ жил ашиглалтад орсон хоногт 3000м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж, газар дээр очиж ажиллав. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: “Салбарын хэмжээнд хийгдэж байгаа 9,3 тэрбум төгрөгийн багцын ажил, Чингис хотод баригдах орон сууц, хаус хороолол, гэр хорооллын инженерийн шугам сүлжээнд холбох төлөвлөлтүүдтэй бид газар дээр нь танилцлаа.

Чингис хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор цаашдаа хөгжих, олон арван барилга байгууламж баригдах, гэр хорооллыг инженерийн шугамд холбох таатай нөхцөл бүрдэж байна. Хэрлэн сумын нэг, хоёрдугаар багийг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөл хийгдсэн байна. Үүний дагуу улсын төсөвт тусгуулах саналыг тавилаа. Ингэснээрээ айл өрхүүд 0,7 га газартаа цэвэр, бохир, дулаанд холбогдох боломж бүрдэнэ” гэв. Мөн тэрээр Хэрлэн нэгдүгээр сургуулийн зураг төслийн магадлалыг 09-р сарын 15-ны дотор хийх, барилгын материалын үйлдвэрийг урт хугацаандаа шийдвэрлэх чиглэл өглөө.

Энэхүү сургуулийн барилга шүүхийн маргаанаас болж, нэг жилийн хугацаанд өнжиж, Ковид-19, барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж, барилгын зураг төсөв магадлал хийх шаардлага үүсээд байсан юм. Үүнийг аймгийн Засаг дарга уламжилснаар магадлал хийх, улмаар зөрүү төсвийн зардлыг улсын төсөвт суулгаж, 2022 оны наймдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахад салбарын сайд анхаарч ажиллахаа мэдэгдсэн юм.

Мөн Хэнтий аймгийн засаг дарга болон харъяа газруудын ажилтнуудтай уулзалт хийж, 2021 оны төсвийн хөрөнгө оруулалт, зураг төслийн бодлого, барилгын салбар дахь хүний нөөцийн тогтвортой бодлого хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав. Түүнчлэн барилгын салбарын хүний нөөцийн бодлого, чанарын стандартын нэвтрүүлэлт, цахим шилжилт, журам, норм дүрмийн шинэчлэлт цаашид авч хэрэгжүүлэх арга, хэмжээ, хууль, эрх зүйн орчны өөрчлөлт зэрэг цогц асуудлаар мэдээлэл хийж санал солилцлоо.

Уулзалтын үеэр Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулж, зээлийн эх үүсвэрийг гурав дахин нэмэгдүүлсэн талаар дурдлаа. Ипотекийн зээлийн хүү жилийн 8 хувь байх үетэй харьцуулахад сарын эргэн төлөлтийн хэмжээ болон орлогын доод хэмжээ тус тус 18.3 хувиар буурч, ипотекийн зээлийн хүртээмж нэмэгдэж иргэдэд очих өрийн дарамт багассан. Цаашид жилд дунджаар 700 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ипотекийн зээлд шийдвэрлэж, барилгын компаниудын боруулалтыг дэмжинэ гэв.

Дашрамд дурдахад, Хэнтий аймагт БХБ-ын сайдын багцаас 2021 онд нийт 44,9 тэрбум төгрөгийн барилга угсралтын ажлууд хийгдэж байгаа юм байна. Эдгээр ажил, төсөл хөтөлбөрүүд нь аймгийн хөгжилд нэн шаардлагатай бөгөөд өндөр үр өгөөж өгөх төслүүд тул талархалтай байгаагаа тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат илэрхийллээ.
Ажлын хэсгийн бүрэлдхүүнд БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд, БХТ-ийн Барилга, байгууламж захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Э.Мөнхсүх болон аймгийн холбогдох албаныхан багтлаа.