4000 айлын орон сууц бол үнэт цаасны хоёрдогч зах зээлд орох хөшүүрэг юм

       “Өнөөдөр” сонин энэ удаагийн редакцын уулзалтаа “4000 айлын орон сууц хөтөлбөр” сэдвээр зохион байгуулсан бөгөөд Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлан, тус корпорацийн Зээлийн газрын захирал М.Уламбаяр, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ю.Доржпагма, “Барилга” корпорацийн ерөнхийлөгч Л.Шагдаррагчаа, Монголын барилгачдын холбооны тэргүүн М.Батбаатар нар оролцлоо.

    -4000 орон сууц дэд хөтөлбөр батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилт нь ямархуу байгаа вэ? Ж.Алдаржавхлан:-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам батлагдсан. Энэ хугацаанд бид санхүү бүртгэлийн журам, зээлийн журам гээд бэлтгэл ажлаа нэлээд сайн хангалаа. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс бидэнд төрийн байгууллагуудаас квотод хамрагдсан хүмүүсийн нэрс ирж эхэлсэн. Тэгээд зээлийн материалаа бүрдүүлэх ажил явагдаж байна. Одоогийн байдлаар манайд 3800 орчим төрийн албан хаагчийн квот ирсэн байгаагаас 1078 хүний нэрс тодорхой болсон. Батдорж, Дулмаа гэдэг хүн зээл авна шүү гэдгийг салбарын сайд нь баталгаажуулсан гэсэн үг. Эдгээрээс 778 хүн зээлийнхээ материалыг бүрдүүлээд, байраа хайгаад явж байна.

     Орон сууцаа сонгох асуудал бидний хувьд хамгийн чухал. 119 хүн байраа сонгоод, зээлийн гэрээгээ байгуулчихсан. Үүнийг бид мөнгөжүүлэх үүднээс Сангийн яаманд анхны бонд гаргах захиалгыг өгчихсөн байгаа. 119 хүнийг байртай болгоход 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Сангийн яам өнөө, маргаашгүй бонд гаргахаар Монголбанктай тохирчихсон. Манай бондыг найман хувиар авч байгаа, бид найман хувьтайгаар нь төрийн албан хаагчдад зээл өгнө. Бондын асуудал шийдэгдэнгүүт бид барилгын компаниудад санхүүжилтийг нь хийнэ. Зайлшгүй шийдвэрлэх зарим асуудал байсан болохоор журмын хэрэгжилт удааширсан тал бий -Засгийн газар хуралдаад, “Төрийн албан хаагчдыг болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” тогтоолдоо нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр хөтөлбөрийн хэрэгжилтэд ямар нөлөө үзүүлэх вэ? -Тулгамдсан зарим асуудал байсан болохоор хөтөлбөрийн хэрэгжилт сүүлийн хоёр, гурван сарын хугацаанд удааширсан л даа. Үнэндээ энэ журманд нэлээд хатуу заалтууд байсан юм. Орон сууцны ам метр талбайн үнэ 650.000 төгрөг байна, түүнчлэн заавал арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа байрнаас сонгоно гэсэн хатуу шаардлага байсан. Ер нь бол барилга болоод банк, санхүүгийн салбарыг хямралаас гаргая гэсэн зорилго байсан болохоор анхнаасаа арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа байр гэсэн заалтыг оруулсан. Бид үүний дагуу нэг хэсэг ажилласан. Гэвч төрийн албан хаагчдад сонголт хийх боломж бага байсан юм. Менежментээ зөв явуулаад, өр ширгүйгээр барилгаа барьчихсан компанийн байрыг сонгож болохгүй байлаа. Одоо бол дээрх хоёр заалтыг хасчихсан. Ерөөсөө 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг нь өгье, төрийн албан хаагч өөрөө байраа сонгоод, зөрүү мөнгө гарвал түүнийг төлөөд явж болно гэсэн зах зээлийн зарчимд илүү ойр шийдвэр гаргасан гэсэн үг. -Тэгэхээр журам анх батлагдаж байснаасаа нэлээд өөр болчихож байна аа даа. 650.000 төгрөг гэж хязгаарлахгүй болохоор орон сууцны үнэ өсчих вий гэсэн болгоомжлол төрж байна. -4000 айлын орон сууцны журам хэвээрээ л явагдана, квоттой төрийн албан хаагч зээлээ авдгаараа авна. Барилгын компани банкнаас зээл авалгүй өөрөө байшин барьчихсан бол түүний байрнаас төрийн албан хаагч сонгох боломжтой болж байгаа юм. Илүү бодитой, бололцоотой болж байна гэсэн үг. 650.000 төгрөгийг чөлөөлчихөөр байрны үнэ өсчих юм биш биз гэсэн болгоомжлол үнэхээр төрж байгаа. Засгийн газар ч асууж байна лээ. Бид үүнийг зээлийн хэмжээгээр хязгаарлана шүү дээ. 40 хүртэлх сая төгрөгийн зээл өгнө, төрийн албан хаагч үүндээ л таарсан байр авах учраас үнэ өсөөд, талийгаад явчих юм байхгүй. Хязгаартай зээлээр байр авах гэж байгаа хүн хэдэн зуун сая төгрөгийн орон сууц сонгохгүй шүү дээ. -Журамд орсон өөрчлөлтийн тал дээр төрийн бус байгууллагууд ямар үзэл, бодолтой байгаа вэ? Л.Шагдаррагчаа:- Шуудхан хэлэхэд өмнө нь байсан журмыг “нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон” шийдвэр гаргасан байна. Анхнаасаа л Монгол Улсын орон сууцны бодлого алдагдсан байгаа юм. Би үүнийг тодорхой жишээгээр хэлье. 100.000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын хөтөлбөрт 2008 онд орсон байдаг мөртлөө өнөөдрийг хүртэл энэ хөтөлбөр батлагдаагүй.

Leave a Reply