БХБ-ын сайдын шуурхай хурал боллоо. 14 хоног тутамд болдог шуурхай хуралдаанаар өнгөрсөн хугацаанд хийж, гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж хэлэлцүүллээ.
Тодруулбал, Газрын багц хуулийн төслийг Сайдын зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газрын гишүүдийн санал авч, Засгийн газрын хуралдаанд оруулахад бэлэн болгосон байна. Мөн Хөшигийн хөндийд “Эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах ажлын хүрээнд гадаад улс орнуудын туршлагыг судлан харьцуулсан санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.
Түүнчлэн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм батлагдсантай холбоотойгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл хүргүүлжээ. “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн шинэчилсэн төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авахаар ажиллаж байна. Нийтийн аж ахуйн салбарын хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл 1990 гаруй нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөв.
Мөн Мянганы сорилтын сангийн хэрэгжүүлж байгаа Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн шугамын трассыг шийдвэрлэх, Польш улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих таван аймгийн Цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгчтэй хийх гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх асуудлыг эрчимжүүлэх талаар асуулга тавив. Шуурхай хуралдааны төгсгөлд сайдаас яамны хэмжээнд долоон газар, харьяа байгууллагуудын үйл ажиллагааг дүгнэж, ирэх өдрүүдэд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг эрчимжүүлэх, Ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааны явцыг танилцуулах, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудал болон Зөвлөх үйлчилгээний журмыг Засгийн газрын хуралдаанд оруулах бэлтгэлийг хангах, “ТОСК” ТӨХХК-ийн үйл ажиллагааны тайланг сонсох, НАА салбарын 90 жилийн ойн хүрээнд хийх арга хэмжээний танилцуулга хийх, Сумын хөгжил, дэд бүтцийн төсөл арга хэмжээний танилцуулгыг хийх, Орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэхэд олон талын оролцоог хангасан зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, Орон нутгийн түвшинд салбарын хэмжээнд хэрэгжсэн хөрөнгө оруулалтын үр дүн, хяналтын тогтолцоог сайжруулах чиглэлээр арга хэмжээг хийх ажлыг төлөвлөж, үүрэг чиглэл өгөв.