You are currently viewing МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Олон Улсын Архитекторуудын Эвлэл нь 1985 оноос хойш “Дэлхийн архитектурын өдөр”-ийг жил бүр тодорхой сэдвийн дор зарлаж, дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд 10 дугаар сарын 04-ний өдөр тохиож байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарын хамт олон, үе үеийн архитекторууд Та бүхэнд “Дэлхийн архитектурын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүлье.
Энэ жил “Clean environment for a healthy world” буюу “Эрүүл дэлхийн төлөөх цэвэр цэгцтэй орчин” сэдвийн дор орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбай, уур амьсгалын өөрчлөлт гэсэн гурван үндсэн асуудлын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа таниулах, сурталчлах, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” –ыг хэрэгжүүлэхэд дэлхийн архитекторууд дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэж байна.
Барилга, хот байгуулалтын яам нь “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, нийслэл хотын хэт төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг байгуулах, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилго, зорилтуудын хүрээнд Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” болон “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах, Төв аймгийн Хөшигийн хөндийд “Шинэ Зуунмод”, “Майдар” шинэ хотуудыг төлөвлөж, үе шаттай барьж байгуулах, “Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангахад чиглэсэн “Залуус 1” орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийг санаачлан нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, ажлын байр, үйлчилгээний байгууламж бүхий эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны жишиг хорооллыг цогцоор нь байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Монгол орны бүтээн байгуулалт, архитектурын хөгжлийн 65 жилийн түүхэнд мөрөө үлдээсэн ахмадууд болон өнөөгийн цаг үед уран бүтээлээ туурвин буй архитекторууд Та бүхэндээ дэлхийд өрсөлдөхүйц, уламжлал, шинэчлэлийг хослуулсан, орчин цагийн хотжилт, барилгажилт, бүтээн байгуулалтыг сүндэрлүүлэхийг ерөөе!
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР