Засгийн газрын орон сууцны хөтөлбөр болон Төрийн албан хаагчдад зориулсан “4000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч гэдгээр олонд танигдаад байгаа Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлантай ярилцлаа.
– 4000 айлын орон сууц хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг та бүхэн харж байгаа байх. Хамгийн хурдан шуурхай эзэндээ хүрч буй хөтөлбөр болж байна. Бид энэ жил Засгийн газраас 80 тэрбум төгрөгний эрх авсан. 4000 хүнийг зээлжүүлэхэд дор хаяж 160 тэрбум хэрэгтэй. Бид урьдчилсан байдлаар 150 орчим тэрбум төгрөгөөр иргэдийг зээлжүүлж болох юм байна гэж харж байна. Энэ жилийн хувьд 80 тэрбум төгрөгөөр 2300 өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар 2555 хүний зээлийг судалж хамгийн сүүлийн мэдээгээр 2065 өрхөд зээлийг нь өгчихөөд байна. – Тэгэхээр 2065 айл өнөөдөр шинэ сууцандаа орчихсон гэж ойлгож болох уу?
– Тэгж ойлгож болно. – Зээл олголтын асуудалд учирч байгаа гол бэрхшээл нь юу байна вэ?
– Ер нь урт хугацааны зээлийн асуудал гэдэг их ярвигтай. Монголын орон сууцны урт хугацаат зээл өөрөө баялаг түүхгүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэхэд арилжааны 15 банк 16100 хүнд орон сууцны зээл өгсөн байдаг. Үүндээ зориулаад 360 тэрбум төгрөгний зээл гаргасан юм билээ. Харин Засгийн газрын зүгээс нэг жилийн дотор 4000 хүнд гэсэн том зорилт тавьсан. Бидний зорилго боломжийн нөхцлөөр, очих ёстой эзэнд нь хамгийн хурднаар зээлийг нь олгох явдал байсан.
– Танай үйл ажиллагаа хурдан явж байгаа шалтгаан нэгдүгээрт авах эзэн нь тодорхой байгаа учир байх. Тийм үү? – Тийм ээ. Арилжааны банк 10 жилд 16100 хүнд зээл гаргаж байхад бид нэг жилийн дотор 4000 хүн гэж байгаа нь зээл авах хүн нэгдүгээрт тодорхой, ажлаа хийж байгаа, эрсдэл багатай төрийн албан хаагч. Ялангуяа төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэн энэ үед эрсдэл бүр багасч байна. Хоёрдугаарт, яагаад ийм хурдтай явж байна гэхээр урьдчилгаа төлбөр бага.
Жишээ нь арилжааны банкны орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр 25-30 хувь байдаг. 50 сая төгрөгний байр авлаа гэхэд урьдчилгаа болох 15 сая төгрөгийг өгөх шаардлагатай болж байгаа. Бэлэн 15 сая төгрөг тоолоод өгчих өрх өнөөдөр ховор. Харин төрийн албан хаагчдийн зээлээр бол 50 сая төгрөгний урьдчилгаа болгож таван сая төгрөг буюу 10 хувийг нь төлж байна. Ингээд хоёр дахь үндсэн нөхцөл болох урьдчилгаа нь иргэдэд таатай нөхцөл бүрдүүлж буй хэрэг.
Мөн арилжааны банкуудын зээлийн эргэн төлөлт 15 жил орчим. Харин биднийх 20 жил зэрэг ерөнхий нөхцлүүд нь бүгд таатай байгаа учраас зээлийн шаардлага хангаж байгаа хүмүүс олон байна. Энэ жил 80 тэрбум төгрөгөндөө тааруулаад 2300 хүнд зээлээ өгч дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Харин ирэх жилийн эхний хагаст үлдсэн хүмүүс 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгээд 4000 айлын орон сууц хөтөлбөрийг дуусгана. Ирэх оны төсөвт ч суучихсан байгаа. – 4000 айлын орон сууц хөтөлбөр 2011 онд хэрэгжиж дуусна гэсэн үг үү? – Тийм ээ. Ирэх жилийн нэгдүгээр улиралд санхүүжилт нь дуусна. Байгаа эх үүсвэртээ бид тохируулж ажиллана гэсэн үг. – Зээлийн нөхцөл бүгд сайхан байдаг байж. Гэтэл шинэ орон сууцны үнэ тэнгэрт хадсан үнэтэй хэвээрээ. Анх энэ хөтөлбөр чинь уг нь байрны метр кв-ийн үнэ 650 мянган төгрөг гэж тогтоож байсан. Төрөөс байрны үнийг бууруулах асуудалд санаа тавьж байгаа байх? – 650 мянга гэдэг өөрөө төвөгтэй тоо л доо. Метр кв нь 650 мянган төгрөгний үнэтэй байшин мэдээж байгаа. Гэхдээ иргэн өөрөө ажилтайгаа ойрхон, нөхцөл сайтай байрыг сонгоод ирэхээр бид нарын зүгээс “чи заавал тэр хотоос зайдуу байгаа 650, 700 мянган төгрөгний байрыг сонго” гэж хэлэх эрх байхгүй. Энэ хөтөлбөрийн онцлог нь тухайн хүн өөрөө байраа сонгох ёстой. – 650 мянган төгрөг гэдэг үнэлгээг Засгийн газар өөрөө хамгийн боломжит үнэ гэж тогтоосон санагдаж байх юм. – Энэ бол тухайн үед барилгын компаниудаас гарч байсан санал. Метр кв нь 650 мянга хүртлэхийг зээлээр өгөөд, үлдсэнийг иргэ н өөрөө төлөх нөхцөлтэй байсан боловч иргэдэд энэ нь хүндрэлтэй байсан учир бид өөрчлөлт оруулсан. 650 мянган төгрөгтөө тас бариад зогсч байсан бол өнөөдөр хөтөлбөрийн хэрэгжилт өнөөдрийнх шиг сайн байна гэж би бодохгүй байна. Бид зах зээлийн жамаар сонголт бий болгосон л гэсэн үг. – Танай хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийн өрхийн дундаж орлого хэд байх юм. Ер нь орон сууцны зээлд хамрагдахын тулд нэг өрх дор хаяж 600-800 мянган төгрөгний орлоготой байх шиг байсан. – Бид өрхийн орлогыг нь дундаж төрийн албан хаагчийн цалингаар бодож тооцсон. Дундаж цалинтай эмч, цагдаа хоёр нэг гэр бүл байлаа гэхэд 700 орчим мянган төгрөгний орлоготой. Бид түүнд л тааруулж байна. – Зээлээр авч буй байрны метр кв-ийнх нь дундаж үнэ хэд байх шиг байна?
– 870 мянгаас нэг сая төгрөгний хооронд л байна. – Төрийн албан хаагчдын зээлийг тэтгэвэрт гарах гэж байгаа хүнд олгохгүй байна аа гэсэн яриа байгаа. Ийм ялгаварлан гадуурхах зүйл байгаа юм уу? – Зээл авах хүний сонгон шалгаруулалт тухайн байгууллага дээр хийгдэж байгаа. Байгууллагууд зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийнхээ өргөдлийг аваад яамнаас өгсөн квотын дагуу ажилчнаа сонгоод манай газарт материалыг нь ирүүлдэг. Бид түүнийг үнэхээр зээл төлөх боломж байна уу, орлогын чадвар нь ямар байна зэрэгт хяналт тавиад аль болох иргэддээ зээл олгохыг эрмэлзэж ажиллаж байгаа. Янз бүрийн шалгуурыг бид гаргаж ирэхийг хүсэхгүй байна. Тэтгэвэрт гарах дөхсөн иргэд 20, 30 жилийн хугацааны зээлд хамрагдах хүсэлт ирүүлдэг. Энэ тохиолдолд бид хамтран зээлдэгчдийн найдвартай байдлыг шалгаж үзэж байж зээл олгож байгаа. Хардлага, сэрдлэг бол хязгааргүй их байгаа. Манайхыг сүүлдээ байр шахаж байна ч гэж ярьдаг. Тийм эрх манайд угаасаа байхгүй. Иргэн өөрөө л байраа сонгоод материалаа бүрдүүлээд ирж байгааг дахин дахин хэлээд байгаагийн учир энэ. – Танай зээлд хамрагдсан иргэдийн ер нь дундаж наслалт хэд байна вэ? – Ер нь байгууллагуудыг харж байхад ихэнх нь 5-10 жил ажилчихсан хүмүүсээ өгч байна. 35-45 насныхан нь дийлэнх нь байна. – Одоо танайх хэчнээн банктай хамтарч ажиллаж байна? – Арилжааны бараг бүх банктай хамтарч ажиллаж байгаа. 140 гаруй барилгын компаниас иргэд сонголтоо хийсэн байна. Түүний дагуу арилжааны 11 банкин дах барилгын зээлүүд эргэн төлөгдсөн гэсэн тоо баримт байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр олныг хамарсан л үйл ажиллагаа болж байгаа гэж үзэж байна. Ер нь Зарим барилгын компаниуд төрийн албан хаагчийн зээл гарч ирж байж л зээл хүүний дарамтаас аврагдлаа гэж ярьдаг. Үндсэндээ 30 хүн очоод л орон сууцыг нь авахад тухайн байшингийн 50 хувь нь зарагдаж байх жишээтэй. – 2011 онд 4000 хүнд орон сууцны зээл өгөөд дуусчихдаг байж. Энэ хөтөлбөр дахин үргэлжлэх үү. Ер нь Монголын хүн ам чинь зөвхөн төрийн албан хаагчаар бас зогсохгүй. Жирийн иргэдээ яаж орон сууцтай болгохоор төлөвлөж байна вэ? – Төлөвлөсөн зүйл мэдээж их байгаа. 40 мянган айлын орон сууц хөтөлбөр ерөнхийдөө хэрэгжиж дууссан. Энэ хөтөлбөр 100 мянган айлын орон сууц болон өргөжсөн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө бид ажиллана. Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөрийг мөн үргэлжлүүлнэ. Бид арванхоёрдугаар сард Төрийн албан хаагчийн 4000 айлын орон сууц хөтөлбөрийн үр дүнгийн тайлангаа тавина. Иргэдээс маш их хүсэлт ирж байгаа. Орон сууцжуулах хөтөлбөрийг зөвхөн төрийн албан хаагч биш жирийн иргэдэд нэвтрүүлээч гэсэн хүсэлт их ирж байна. Тэгэхээр бид судлаад бага орлоготой өрхийг хөтөлбөрт хамруулах ямар боломжууд байна түүнийг судалж байгаа. Засгийн газарт хувилбаруудаа танилцуулна. Орон сууцжуулах олон л хөтөлбөрийг төлөвлөж байна. Яг одоо яригдаж байгаа асуудал болохоор олонд дэлгээд байх боломжгүй юм. 2011 онд бидэнд хийх ажил мундахгүй л байна. – Иргэдийг тохиромжтой үнэтэй орон сууцаар нэгдсэн байдлаар хангахын тулд төр өөрийн бодлогоо чөлөөтэй хэрэгжүүлэх үүднээс төрийн барилгын компани байгуулах боломжгүй юу. Энэ шийдэл бас холбогдох яаманд яригдаж байгаа гэсэн. – Төрийн мэдлийн барилга барьдаг компани байхыг би хувьдаа дэмжихгүй байгаа. – Иргэдээ ингэж орон сууцжуулсан олон орны туршлага байдаг шүү дээ. – Хязгаарлагдмал нөөцтэй орнуудад энэ жишгийг нэвтрүүлэх нь тохиромжтой. Жишээ нь, Сингапур гэхэд хааш хаашаагаа 30 км. Бүх юм нь хязгаарлагдмал нөөцтэй учир засаг өөрөө зохион байгуулалт хийж асуудлыг шийдэхгү] ]>