Мэдээллийн технологийн үндэсний парк нь 1972 онд Шинжлэх Ухаан Техникийн Мэдээллийн Төв байгуулагдсан цагаас эхлэн шинжлэх ухаан технологийн дэвшлийг улс орны хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд 2002 оноос Мэдээллийн технологийн үндэсний парк болсноор үйл ажиллагаагаа Мэдээллийн технологийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, технологийн хэрэглээг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласаар ирсэн ТӨААТҮГ юм.
2022 онд тус байгууллагын түүхт 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд дэвшилтэт технологийн тэгш, хүртээмжтэй боломжийг бий болгох, Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд хөрөнгө оруулахаар нийгэмд чиглэсэн олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Хүүхдэд хүртээмжтэй технологи” аян юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн Ковид-19 цар тахлын нөхцөл байдалд цахим хичээлийг хүртээмжтэй хүргэх асуудал манай улсын хувьд нэлээд бэрхшээлтэй тулгарсан. Айл өрхүүдийн ердөө 30% нь л компьютертой, үүнээс ч бага хувь буюу (23%) нь гэртээ интернэт холболттой байдаг талаар ЮНЕСКО-гийн 2021 оны “МУ-ын боловсролын салбар дахь МХХТ-ийн тойм шинжилгээ”-нд дурджээ.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд боловсрол, мэдлэгийг эзэмшихэд түлхэц болох, цахим хэрэгслээр хангах, суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Жэй Си Ай /JCI/ Капитал салбар байгууллагын хэрэгжүүлж буй “Good Luck” төсөлтэй хамтран “ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аяныг 2022.04.01-06.01 хүртэлх хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Жэй Си Ай /JCI/ Капитал салбар байгууллагын “Good Like” төсөл 2021 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд зорилтот бүлгийн нийт 100 хүүхдэд технологийн хэрэгсэл олгосны үр дүнд хүүхдүүдийн сурлагын амжилтад ахиц гарсан байна.
“ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аяны хүрээнд хуучин технологийн хэрэгслүүдийг /суурин компьютер, нөүтбүүк, таблет, ухаалаг утас г.м/ хандивлагч иргэн, аж ахуйн нэгжүүдээс цуглуулж, шаардлагатай программ, цахим хичээлүүдийг суулгаж, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагын судалгаанд тулгуурлан нийслэлийн алслагдсан дүүргийн болон хөдөө орон нутгийн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох юм.
Аливаа улс орны оршин тогтнох үндэс суурь болсон ирээдүй хойч, хүүхэд залуусынхаа тэгш, хүртээмжтэй боловсрол, мэдлэг эзэмшихэд нь таны болон танай хамт олон, байгууллагын оролцоог үнэлж баршгүй билээ. Хандивын аянд оролцсон хувь хүнд талархлын бичиг, байгууллага хамт олноороо оролцсон байгууллагад батламж олгож хандивлагчдын оролцоог алдаршуулах аж.
“ТОСК” ТӨХХК-ийн хамт олон “ХҮҮХДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ ТЕХНОЛОГИ” аянд нэгдэж, технологийн хэрэгсэл хандивлах болон холбогдох постер, видео шторк, контентуудыг өөрийн цахим сувгуудаар түгээх, харьяа байгууллагууд, ажилтан албан хаагчдад мэдээлэл өгч, үйл ажиллагааг нь дэмжин оролцож буй бөгөөд бусад байгууллага, аж ахуйн нэгж, хамт олныг ч мөн аянд нэгдэхийг уриалж байна.
Хандив хүлээн авах: Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 1-р давхарт “Scienbiz” дэлгүүрт
Хугацаа: 2022 оны 04.01-06.01-ний өдрийг дуустал
Холбоо барих: 99004862, 11-327123, davkharbayar@itpark.mn