Ч.Хашчулуун: Орлого багатай иргэдийг орон сууцжуулах албан ёсны шийдвэр удахгүй гарна

 

         Эдийн засгийн өсөлт, инфляцийн төлөв, Хөгжлийн банкны санхүүжилтийн талаар Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуунтай ярилцлаа.

   -Манай улсын эдийн засаг, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өмнөх жилүүдээс нэлээн өсөлттэй байгаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?

   -Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит хэмжээ 2010 онд зургаан хувиар өссөн бол энэ оны эхний улиралд 9.7 хувийн өсөлттэй байна. Өсөлтийн хурд нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулсан нь аж үйлдвэрийн салбар 6.3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.3 хувь, барилгын салбар 15 хувь, бөөний болон жижиглэнгийн худалдаа 23 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны байдлаар манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ найман их наяд төгрөг давсан. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2200 ам.доллар болж байна, 2009 оны хямралын үеэс бараг 500 доллараар өслөө. 2011 онд эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд 9.7 хувиар өссөн нь өмнө нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Тэгэхээр эдийн засгийн өсөлт асар өндөр байна, түүний хурд бас нь өсч байна. Эдийн засгийн бүтцийн хувьд зарим нааштай өөрчлөлт бий болж байна, тухайлбал боловсруулах аж үйлдвэрийн салбарын өсөлт өндөр байгаа нь сайшаалтай. Олон жил боловсруулах салбар ДНБ-ий таван хувийг эзэлдэг байсан бол энэ жилээс 8.5 хувьд хүрсэн, цаашид улам өсөх төлөвтэй байна. Өнгөрсөн оны нэг онцлог гэвэл манай улс хэрэглээнд их зарцуулдаг байсан бол одоо ДНБ-д хуримтлалын хувь нэмэгдсэн. Энэ нь зөв үзүүлэлт. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд цаашид ажилгүйдэл буурах хандлага ажиглагдаж байна. Ажлын байрны эрэлт хэрэгцээ нэмэгдэж, түүнийг хангах нь чухал байгаа.

    -Эдийн засаг хурдацтай өсч байгаатай уялдаж инфляц өсөх хандлагатай гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа. Харин тан энэ үзүүлэлтийг юу гэж дүгнэж байна вэ?

    -Энэ жил үнийн өсөлт өндөр болно гэсэн болгоомжлол, таамаглалаар олон улсын байгууллагууд хандаж байсан. Одоогийн байдлаар үнийн өсөлт харьцангуй бага байна, инфляц таван хувьтай байна. Энэ нь хөдөө аж ахуйн хүнсний нөөцийг өнгөрсөн жилээс нэлээн нөөцөлсөнтэй холбоотой гэж болно. Жил бүрийн хавар махны үнэ өсдөг байсан бол өнгөрсөн жилээс арга хэмжээ авсаны дагуу үнэ хэвийн хэмжээнд саармагжсан. Энэ үүднээс энэ оны төлөвийг харахад эдийн засгийн өсөлт 10 хувь давах, инфляц нэг оронтой тоонд байх таатай нөхцөл бүрдэж байна. Энэ жилээс хөдөө аж ахуй, мал аж ахуй сэргэж байна. Мөн дэд бүтцийн салбарыг байгуулах ажил эрчимжлээ. Тухайлбал, Өмнөговьд хатуу хучилттай замыг тавьж эхэлсэн, энэ онд ашиглалтад орохоор байна. Томоохон боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Энэ нь анх удаа концессын хэлбэрээр хийгдэж байна. Өнгөрсөн оны бас нэг онцлог гэвэл манай улсын нийт төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Тиймээс валютын нөөц ихээхэн нэмэгдэж, төгрөгийн ханш эргээд чангарч байгаа нь үнийн өсөлтийг сааруулахад нөлөөлж байна. Манай хэрэглээний 80 орчим хувь импортын бараа байдаг учраас эерэг тал харагдаж байна. Энэ онд ихээхэн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийхээр төлөвлөсөн. Орон нутгийн хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгож байгаа. Үүгээр дамжуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Энэ онд бидний тооцож байгаагаар дэд бүтцийн салбарт нэлээд ахиц гарна. Тухайлбал, Өмнөговийн автозам, Завханы Могойн цахилгаан станц, V цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ. Мөн ирэх зургадугаар сард Оюутолгой, Тавантолгойн бүс нутагт цахилгаан станц барих асуудлыг шийднэ. Дээрээс нь боловсруулах салбарт хүнд аж үйлдвэрийн паркыг байгуулах ажил эрчимтэй явагдаж байна. Олон улсын зөвлөхтэй ойрын хугацаанд гэрээ байгуулна. Анх удаа олон улсын стандартын дагуу Дорноговь аймагт аж үйлдвэрийн томоохон паркыг байгуулна. Цаашид баруун бүс болон Дархан, Сэлэнгэ, Говийн бүсэд ийм аж үйлдвэрийн төвүүдийг байгуулах талаар судалгаа хийж байгаа.

   -Монголбанкны удирдлагууд энэ оны төгсгөлд инфляц өснө, хоёр оронтой тоонд хүрч болзошгүй гэсэн мэдэгдэл хийсэн шүү дээ?

   -Мөнгөний бодлогын хүрээнд инфляц өндөр байж болзошгүй гэсэн таамаг энэ оны эхээр яригдаж байсан. Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой барилгын материал, хоол хүнс, эрчим хүчний салбарт хомсдол үүсч болзошгүй гэсэн аюул байсан. Мөн Хүний хөгжил сангаас иргэдэд бэлэн мөнгө олгож байгаа нь үнийн өсөлтөд нөлөөлнө гэсэн бо
лгоомжлол байсан. Гуравдугаарт, манай эдийн засагт их хэмжээгээр мөнгө орж ирэхээр дэд бүтцийн хүчин чадал хүрэлцэхгүй гэсэн гурван хүчин зүйл нөлөөлнө гэж үзэж байсан. Одоогийн байдлаар хүнсний хангамж хэвийн байна, цаашид ч ийм байх болов уу. Дэд бүтцийг байгуулах ажил эрчимтэй эхэлж байгаа учраас үнийн өсөлтөд нөлөөлөх хүчин зүйл болохг үй байх. Хүний хөгжил сангийн мөнгийг цаашид картаар, банкны дансаар, бэлэн бусаар шилжүүлэх учраас хуримтлал үүснэ гэж үзэж байгаа. Иргэдэд энэ мөнгийг хүргэх нь зүйтэй, гэхдээ арга хэлбэрийг боловсронгуй оновчтой болгох хэрэгтэй.

   -800 тэрбум төгрөгийн бондоор Хөгжлийн банкийг байгуулсан. Энэ мөнгөний 350 тэрбумыг орон сууцад зарцуулна гэсэн. Үлдсэн мөнгийг аль салбарын ямар төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар задаргааг ажлын хэсэг хийсэн үү?

   -УИХ-ын энэ оны 15 дугаар тогтоолын дагуу дөрвөн том хөтөлбөрт зарцуулж болно гэж шийдсэн. Эргэн төлөгдөх замууд, хүнд аж үйлдвэрийн цогцолбор, шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр буюу орон сууц, төмөр зам гэсэн дөрвөн зүйлд зарцуулна гэж шийдсэн. Эхний байдлаар бүх салбарын төслүүд ирээгүй. Алинд нь хэдэн төгрөг зарцуулах тухай задаргааны талаар хэлэхэд арай эрт байна. Санхүүжилтийн хэрэгцээ дэд бүтцийн салбарт өндөр байна. Одоо ирсэн төслийн жагсаалтуудын дотор авто зам, төмөр замын төсөл өндөр хувь эзэлж байгаа. Мөн орон сууц, тэр дундаа Яармаг, Нисэхийн хорооллын шаардлагатай дэд бүтцийн хэрэгцээ нэлээн өндөр байгаа нь УИХ-ын тогтоолын дагуу “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр, замууд дийлэнх хувийг эзэлж байгаатай холбоотой. Хөгжлийн банкнаас санхүүжилт хийх болж байгаа учир урьд өмнө манай улсад байгаагүй хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтэд шинэ онцлог зүйл үүд гарч ирж байна. Тухайлбал, төсвөөр нийгмийн шинж чанартай арга хэмжээг шууд шийддэг байсан бол харин зээл, хүүгийн банк эргэн төлөлт шаарддаг. Иймээс эдгээр төслүүдийн эргэн төлөлтийг дараа жилийн төсөвт суулгах шаардлагатай байгаа. “Шинэ бүтээн байгуулалт”, зам, дэд бүтцийн төслүүд ирсний дараа Сангийн яамтай бид хамтарч ирэх жилийн төсөвт эргэн төлөлтийг суулгах ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүний дагуу аль салбарт хэдий хэмжээний санхүүжилт хийх талаар нарийн тооцоо гарна. Энэ даваа гаригаас эхлээд төмөр замын төслүүдийн материалууд урьдчилсан байдлаар бэлэн болно гэж холбогдох яам нь мэдээлсэн.

    -”Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулах тухай ярьж байгаа, энэ талаар тооцоо судалгаа хийхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох хүмүүст даалгасан. Зээлийн хүүг бууруулах боломж хэр байна, судалгаа ямар шатанд явж байна вэ?

    -Орлого багатай айлуудыг орон сууцжуулах зээлийг гаргах тухай шийдвэрийн төслийг хэлэлцсэн учир удахгүй албан ёсны шийдвэр гарах болов уу гэж бодож байна. Хөгжлийн банкаар дамжуулах хоёр хэсэг бий. Нэг нь орон сууцны зах зээлд санхүүжилт үзүүлэх моргейжийн эх үүсвэр гэж ярьж байгаа. Моргейжийн эх үүсвэр нь өнөө, маргааш гэхээс илүү хүмүүс байраа зээлээр авсны дараа дэмжлэг үзүүлнэ, өөрөөр хэлбэл арай болоогүй байна гэсэн үг. Нөгөөх нь эхлээд байр авахдаа зургаан хувийн хүүтэй зээл авах юм. Шадар сайд М.Энхболд ахлагчтай том үндэсний хороо байгуулагдсан. Барилга, хот байгуулалтын яам, Сангийн ам, ҮХШХ, Хөгжлийн банк, Монголбанк хамтраад шийдвэрийн төслөө хэлэлцсэн. Үүний дагуу Хөгжлийн банкнаас иргэдэд хямдхан орон сууц авахад хоёр талаас тусламж үзүүлнэ. Нэгдүгээрт, дэд бүтцийг байгуулахад зээл өгнө. Энэ нь иргэдэд очих зээл биш, хот, холбогдох агентлагт өгнө. Орон сууц барихдаа дэд бүтцийг төрөөс байгуулж өгч байна гэсэн үг. Тэгэхээр орон сууцны зах зээлийн үнэ одоогийнхоос хямдрах боломж гарна. Хоёрдугаарт, олон улсын санхүүгийн зах зээл, дотоодын зах зээл, Тавантолгой зэрэг ордуудаас орж ирсэн орлогыг Хөгжлийн банкаар дамжин арилжааны банкуудаар дамжуулан орон сууцны зээл болгох учиртай. Үүнийг зургаан хувийн зээл болгоно. Хүүгийн зөрүүг төсөвт суулгахаар ярилцаж байгаа. Яг ийм хэлбэрээр батлагдвал Засгийн газраас бага орлоготой иргэддээ зээлийн хүүгийн татаас олгож байгаа хэлбэр юм. Энэ бол анх удаа хэрэглэх арга хэмжээ юм. Энэ ажлыг биелүүлэх байгууллага бол Орон сууцны санхүүжилтийн корпораци байгаа. -Зургаан хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулах уу, эсвэл Орон сууцны санхүүжилтийн корпорациар дамжуулна гэж ойлгох уу? -Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гол үүрэг нь ямар иргэдэд зургаан хувийн хүүтэй зээл олгох вэ гэдэг журмаа батлуулах ёстой. М
өн зургаан хувийн зээлийг авах иргэдийг ангилж бүртгэх, зээлийн байгууллагад нь туслалцаа үзүүлэх зарчимтай. Журам нь хараахан батлагдаагүй байгаа. Батлагдчихвал цааш явна. Өмнө нь Төрийн албан хаагчдын 4000 орон сууцны зохицуулалт хийсэн бол энэ удаад бараг 15 мянгаас доошгүй байрыг зохицуулах ажил хийж байна. Энэ нь зөвхөн нийслэлд биш орон нутагт хийх ажил.

    -Моргейжийн зээлийг арилжааны банкууд хэрэгжүүлэх боломжгүй гэж ярьдаг. Тэд хатуу шалгуур тавьдаг болохоор иргэдэд их дарамттай байдаг шүү дээ?

    -Арилжааны банкууд өмнө нь моргейжийн зээл олгож ирсэн. Гэхдээ зээлийн хүү маш өндөр байсан. Одоо бол харьцангуй буурч байна. Арилжааны банкууд ашгийн төлөө байгууллага учраас хатуу шалгуур тавьдаг. Орон сууцны зээлийн хугацаа голдуу 10 жил, урьдчилгаа төлбөр 30 болон түүнээс дээш байдаг. Энэ нь энгийн иргэдэд маш дарамттай. Харин ОССК-ийн хүрээнд хийж буй шинэ санхүүжилтийн онцлог гэвэл 20-25 жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй болгох зорилт тавьж байгаа юм. Хугацаа урт, хүү нь бага, урьдчилгаа нь 10 хувь байвал иргэдэд боломжтой. Орон сууцны зэх зээлд ийм томоохон өөрчлөлт, дэмжлэг, хөрөнгө оруулалт хийж байгаагүй. Тавантолгойн төсөл үүнд онцгой ач холбогдолтой. Их бүтээн байгуулалт хийхийн тулд маш их хөрөнгө хэрэгтэй. Ийм хэмжээний хөрөнгийг Хөгжлийн банк нь гаргаж чадахгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татна. Үүнд Тавантолгойн гэрээ онцгой ач холбогдолтой байгаа юм.

    -Өнгөрсөн намраас одоогийнхтой харьцуулахад орон сууцны үнэ их өссөн. Төрөөс дэмжлэг үзүүлэхээр ханш буурах болов уу?

    -Орон сууцны үнэ өссөнд барилгын материлын үнэ нөлөөлж байна. Гол нь цемент, арматур хоёр байгаа. Манай дотоодын арматурын үйлдвэр Оюутолгой зэрэг томоохон төсөл рүү чиглэгдэж байна. Энэ муу зүйл биш. Дарханы төмөрлөгийн үйлдвэр хямралын үед ажилгүй болох шахсан бол өдийд эрэлт захиалга ихтэй ажиллаж байгаа нь сайн хэрэг. Их бүтээн байгуулалт хийхийн тулд барилгын материал хэрэгтэй болно. Тиймээс цементийн үйлдвэр үүдийг байгуулах хэд хэдэн төслийг өнгөрсөн жилүүдэд эхэлсэн. Хөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөнө. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг энэ жил өргөтгөнө гэж төлөвлөж байгаа. Нөгөө талаас иргэдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Иргэд орон сууц авах сонирхолтой байгаа учраас үнэ нэмэгдэж байна. Тиймээс барилгын материалын үйлдвэрлэл, орон сууцны тоог нэмэгдүүлж байж заах зээлд үнэ хэвийн байдалд орно. Иймд 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг цаг алдалгүй цогцоор хэрэгжүүлэх нь чухал байна. Тэгвэл эрэлт, хэрэгцээг бүрэн хангаж үнийг тогтворжуулна.

 М.Ганцэцэг

Leave a Reply