“ТОСК” ТӨХХК-ийн Эцэг, эхийн зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил (ГБХЗХГ)-ийн газартай хамтран өнөөдөр /2022.04.27/ “Хүүхдийн хөгжил хамгаалалд гэр бүл, байгууллага, олон нийтийн үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг ГБХЗХГ-ын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Хүүхдийн хөгжил хамгаалалд гэр бүл, байгууллага, олон нийтийн үүрэг оролцоо” сэдвээр удирдан явууллаа.
Хүүхэд хамгааллын бодлого нь хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд байгууллага бүр анхаарал тавьж байгааг нотолсон баримт бичиг бөгөөд үүнд хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд байгууллага, ажилтнууд, сайн дурын идэвхтнүүд болон бусад холбогдох хүмүүс юуг анхаарах ёстойг тусгасан байдаг. Мөн ажил олгогчоос ажилчныхаа ажил дээрээ болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа тэнцвэртэй зохицуулж, хүүхдийнхээ хөгжил, байдалд ахиц дэвшил гаргах чадварт эерэг нөлөө үзүүлж буй арга хэмжээ болон зохицуулалтыг хийх зорилгоор Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах нь чухал байгаа юм.
“ТОСК” ТӨХХК нь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй Эцэг, эхийн зөвлөлийг байгуулж, албан хаагчдын хүүхдүүд чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх өрөөг гарган бэлтгээд байна.