"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, төлөвлөлт, дэд бүтэц, орон сууцны хангамж, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол, хөдөөгийн хөгжил, үйлдвэржилтийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг сааруулах зорилт тавьж буй.
Шинэ бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх үндэсний мэргэжилтнүүд, инженер, техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж, гадаадад ажиллаж байгаа мэргэжилтэй ажилчдыг татан оролцуулах юм. Тэгвэл Монгол Улсын барилгын салбар хэмээх их айлын эргэн тойронд юу болж, ямар авууштай болон дутагдалтай тал байна вэ гэдгийг хэлэлцэх зорилготой "Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" өнгөрсөн баасан гарагт UB palace-ын их танхимд боллоо. Зөвлөгөөнийг нээж Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын /ГХБГЗЗГ/ дарга Ц.Ганхүү үг хэлж, түүний дараа ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Шадар сайд М.Энхболдын үгээр зөвлөгөөний суурь тавигдав.
Улсын хэмжээнд 2011 он гарсаар эхний улиралд нийт 23 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэгдсэний 22.4 тэрбум нь буюу 97.2 хувь нь дотоодын, 0.6 тэрбум буюу 2.8 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байгаа аж. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 14.6 тэрбум төгрөгөөр буюу 2.7 дахин, үүнээс дотоодын байгууллагынх 18.4 тэрбум төгрөг буюу 5.6 дахин өсчээ. Харин гадаадын байгууллагынх 3.7 тэрбум төгрөгөөр буюу 85.1 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн дээрх ажлын 36.8 хувь нь орон сууцны барилга, 43.1 нь орон сууцны бус, 13 нь инженерийн барилга байгууламж, 7.1 нь их засварын ажилд ногдоно.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад орон сууцны барилга 13.8, инженерийн барилга байгууламж 8.9, их засварын ажил 6.9 пунктээр буурсан бол орон сууцны бус барилгын ажил 29.6 пунктээр өссөн байна гэж салбарын яамнаас мэдээлж, зөвлөгөөн ид өрнөж эхэлсэн юм. Энэ мэтээр барилгын салбарын удирдах ажилтнууд барилгаа яаж цааш нь авч явах талаар хэлэлцдээ. Мөн зөвлөгөөнтэй зэрэгцээд "Мишээл экспо" төвд "Шинэ бүтээн байгуулалт 2011" үзэсгэлэн яармаг худалдаа нээлтээ хийсэн бөгөөд гурван өдрийн турш үргэлжилж, өчигдөр хаалтаа хийсэн юм.
Бүтээн байгуулалтад хамтдаа хэмээх уриан дор зохиогдсон уг үзэсгэлэнд барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, орон сууцны барилга, хотхон, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, багаж, тоног төхөөрөмж, машин механизм, интерьер дизайны болон гадна тохижилт, ногоон байгууламжийн 100 орчим компани оролцож бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцууллаа.