Монголын хөрөнгийн биржээр өчигдөр Засгийн газрын 36 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигдлаа. Төрийн албан хаагчдын орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх зорилготой дээрх үнэт цаасны нэрлэсэн үнэ өөрчлөгдөхгүйгээр, зарласан хүүгийн түвшнийг бууруулах аргачлалаар явуулжээ. Арилжаанд оролцох сонирхолтой брокерийн компаниуд 10.30 цагаас өмнө урьдчилан депозит байршуулдаг аж. Энэ удаагийн арилжааны өмнө 56.7 гаруй тэрбум төгрөг байршсан байжээ. Энэ нь Засгийн газрын үнэт цаас эрэлттэй байгаагийн илрэл гэж Сангийн яамныхан үзэж байна.
Цаашид Засгийн газрын үнэт цаасны арилжааны хүүгийн түвшин өсөх, буурах нь Сангийн яамнаас Орон сууц санхүүжилтийн корпорацид дамжуулан зээлдүүлэхэд тогтсон хүүгийн түвшинд өөрчлөлт орохгүй юм байна.
Мөн ОССК нь иргэдэд орон сууцны зээл олгоход ч хүүгийн түвшин өөрчлөгдөхгүй аж. Сангийн яам дээрх 36 тэрбум төгрөгийг Орон сууц санхүүжилтийн корпорацид маргаашийн дотор дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөжээ.
www.gogo.mn сайтаас