Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр "100 мянган орон сууц" хөтөлбөрийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнаас сонгосон, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан, худалдаж авсан иргэн "Хүний хөгжил сан"-гаас орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр хишиг, хувь хүртэх эрхтэй болж байна.
Өөрөөр хэлбэл, Хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгийг орон сууцтай болох хүсэлтэй иргэдэд бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ талаар Газрын харилцаа, барилга геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээс тодрууллаа. -Орон сууцтай болох хүсэлтэй хүмүүст боломж гарлаа.
Иргэдийн хувьд ямархуу шалгуур нөхцөл хангаж нэг сая төгрөгөө орон сууц худалдан авахад шилжүүлэх юм бэ?
-Журамд зааснаар орон сууцны хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдэд ямар нэг үнийн болон квадратын хязгаарлалт тавилгүйгээр гэр бүлийн хүрээндээ орон сууцны зориулалтаар нэг сая төгрөгөө зарцуулах эрхийг зохицуулах юм. Харин иргэд нийгмийн ажилтандаа хандаж "100 мянган айл орон сууц" хөтөлбөрт хамрагдсан байрнаас худалдан авахаар гэрээ байгуулсан, захиалга хүсэлтээ тавина. Тэрхүү хүсэлт аймаг нийслэлийн Засаг захиргааны байгууллагаар дамжаад Нийгмийн халамжийн газарт ирж, Орон сууц, санхүүжилтийн корпораци дээр хянагдсаны үндсэн дээр тухайн иргэний Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөг гэрээ байгуулсан барилгын компани руу шилжих болж байгаа.
-"100 мянган айл орон сууц" хөтөлбөр гэхгүйгээр арилжааны банкны зээлд хамрагдаад орон сууцны зээл авах иргэд бий. Тэд яах вэ?
-Шадар сайд асуудал тавьж байгаад зээл авсан иргэдийг мөн хамруулахаар болж тусгаж байна. Засгийн газрын зүгээс орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүн амаа тохилог орон сууцаар хангахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулна гэсэн давхар зорилго тавьсан. Энэ агуулгаа барих ёстой гэж үзсэний үндсэн дээр зээлд хамрагдсан иргэдийг ч мөн хамруулахаар болж байна л даа. Цаашид иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл олгох тухай асуудал яригдана. Бид одоо бодлогыг нь боловсруулж байгаа.
-Нэг иргэн Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгөө орон сууцны төлбөртөө өгч орон байртай болно гэвэл бүтэхгүй. Тэгэхээр хөдөө амьдардаг эцэг, эхийнхээ Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгийг хотод амьдардаг хүүхэд нь шилжүүлж орон сууцны төлбөрт өгөх бололцоо бий юу?
-Гэр бүлийн хүрээнд гэдгээр зохицуулах боломжтой гаж үзэж байгаа. Гэр бүлийн хуульд зааснаар эцэг, эх нь хөдөө амьдардаг хүүхэд нь хотод амьдардаг бол энэ хуулийн хүрээнд зохицуулж болно гэж үзэж байгаа. Одоогоор тодорхой тооны заалт оруулаагүй байгаа учраас хэдэн ч хүний Хүний хөгжлийн сангийн нэг сая төгрөгийг нийлүүлж, орон сууцны төлбөрт шилжүүлж болно. Гагцхүү энэ бүхнийг Гэр бүлийн тухай хуульд заасан заалтаар зохицуулна гэж ойлгох хэрэгтэй.
-Өнөөдрийн хувьд зөвхөн 100 мянган орон сууцны асуудал яригдаж байна. Цаашид олон иргэн байртай болохыг хүсч байгаа?
-Улаанбаатар хотод одоогоор 24 мянга 600 айлын орон сууц баригдаж байна. Жилдээ 20 мянга орчим орон сууцыг энэ бололцоогоор бариад ашиглалтад оруулаад байх боломжтой гэж үздэг. Гол нь орон сууцны үнийг хөөргөхгүй байхын тулд эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар зохицуулахыг оролдож байгаа юм. Тиймээс "100 мянган айл орон сууц" хөтөлбөртөө багтааж хийхээр болсон. Хэрэв 100 мянган айлын орон сууц хөтөлбөрөөс давуулаад эрэлт тал руу их хэмжээний мөнгө гаргачихвал орон сууцны үнэ хамаагүй өснө. Өндөр үнэтэй орон сууц авсан нь дээр үү, хүлээж байгаад хямд өртөгтэй таарсан орон сууц авах уу гэдэг сонголт байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг талаасаа бодолцох ёстой болж байгаа. Тийм учраас зориуд орон сууцны хөтөлбөрт хамрагдсан сууцнаас сонголт хийлгэхээр журамд заасан. Хэдийгээр "100 мянган айл орон сууц" хөтөлбөрийн хүрээнд энэ журам гарч байгаа ч олон хүн мөнгөө нийлүүлж байж, байрны төлбөртөө өгөх учраас зөвхөн 100 мянган иргэн Хүний хөгжлийн сангаас олгох нэг сая төгрөгөө авах нь гэж ойлгож болохгүй.
-"100 мянган айл орон сууц" хөтөлбөрийн эхний ээлж хэзээ ашиглалтад орох вэ?
–"100 мянган айл орон сууц" хөтөлбөрийн эхний хэсгийг арваннэгдүгээр с
ард Засгийн газрын хуралдаанаар оруулна. Ийм ийм барилгын компанийн барьж байгаа орон сууцууд гэсэн хөтөлбөр оруулах юм. Газрын будилаантай, зөвшөөрөлгүй газар орон сууц барьж байгаа болон бусад зөрчилтэй компаниудыг оруулахгүй. Тиймээс барилга нь бодитой баригдаж байгаа хөрөнгө оруулалт нь хийгдсэн, нэг ёсны 30 хувь нь баригдсан барилгад захиалгаа өгсөн иргэнийг үүнд хамруулъя гэж үзлээ. Гарч болох сөрөг үр дагавруудаас сэргийлж, зориудаар ийм шалгуур тавьсан хэрэг л дээ.
Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/