Орон сууцны санхүүжилтийн корпорацийн 5 жилийн ой, шинэ жилийн баярыг 2011 оны 12-р сарын 30-нд тэмдэглэв. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монгол улсын шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Сангийн сайд С.Баярцогт, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөр, ОССК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхбаатар нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж баяр хүргэв.
Шинэ жилийн баяр, 5 жилийн ой давхцсан энэ үдэш Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Санхүүгийн бүртгэл, удирдлагын газрын захирал Д.Мөнхжаргал, Зээлийн газрын захирал М.Уламбаяр, ОССК-ийн “5 жилийн шилдэг ажилтан”-аар Төслийн удирдлагын газрын захирал Ж.Наранцогт, “2011 оны Шилдэгийн шилдэг ажилтан”-аар Зээлийн газрын мэргэжилтэн Г.Анхбаяр, Төслийн удирдлагын газрын мэргэжилтэн М.Буянхишиг, “Шилдэг ажилтан”-аар Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Амарзаяа, Санхүүгийн бүртгэл, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн У.Бат-Очир нар шалгарч дурсамж мөнгөн шагналаар шагнуулав.
Корпораци үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойг угтаж зорилтот түвшингээ бүрэн ханган биелүүлсний зэрэгцээ байгууллагынхаа спортын шилдэгүүдээ шалгаруулах, Дэлхийн дулаарал цөлжилтийн эсрэг “Ногоон дэлхийгээ аваръя уриан дор Сэлэнгэ аймгийн “Тужийн нарс”-ны ойд 2500 ширхэг суулгацтай “ОССКорпорацийн ногоон төгөл” –ийг байгуулах зэрэг нэлээд хэдэн бүтээлч ажлуудыг үр дүнтэй хийж гүйцэтгэв.
Өнгөрсөн оны хувьд Монгол улсын Засгийн газраас баталсан төрийн албан хаагчдын “4000+200 орон сууц” төсөл хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууссан бөгөөд хөтөлбөрт нийт давхардсан тоогоор 170 гаруй барилгын компаниуд оролцож орон сууцаа төрийн албан хаагчдад борлуулсан байна.