Засгийн газраас хэрэгжүүлж буй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Говь-алтай аймагт мянга орчим айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Өнгөрсөн баасан гаригт тус аймгийн төвд 182 айлын орон сууцны шав тавих ёслол боллоо. Орон нутгийн иргэд ч 6 хувийн хүүтэй урт хугацааны зээлд хамрагдаж тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэж байна.
Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Ш.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Х.Энхбаяр, ОССК-ийн дэд захирал Ж.Хичээнгүй, ЗУГ-ын захирал Г.Доржпалам, “Эх Алтай”ХХК-ийн захирал Л.Батжаргал нар болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Говь-алтай аймгийн хэмжээнд 20 гаруй барилгын компани үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээр компаниуд нэгдэж 182 айлын орон сууцыг барихаар төлөвлөөд байна. Энэ оны хоёрдугаар улирлаас барилгын ажлаа эхлүүлж 2013 оны дөрөвдүгээр улиралд Алтай хотын төвд 182 айлын шинэ орон сууц ашиглалтанд орох юм байнa.