Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт өнгөрсөн баасан гарагт болсон билээ. Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй 16 хоногийн аяныг “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЬЯ – ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд өрнүүлж байгааг албан ёсооро зарласан.
Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.
Өмнөх жилүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулага батлагдсантай холбоотойгоор ЖСХ-ийн хор уршиг, гэр бүлийн хүчирхийллийн (ГБХ) үр дагаварын талаар олон нийтэд ойлгуулах, тэдний анхаарлыг энэхүү асуудалд хандуулахад аян илүү чиглэж байсан. Харин 2019 оноос НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд аянд нэгдсэнээр аяны хамрах хүрээ илүү өргөжиж, ажлын байран дахь бэлгийн дарамт, түүнээс сэргийлэх хариу арга хэмжээ авах гэх мэт ЖСХ-ийн бусад хэлбэрүүдэд чиглэх болсон.
Түүнчлэн дэлхий дахинд тархаад буй “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй үймээн самуун, зөрчилдөөн, эдийн засгийн хямралын үед жендэрийн эрх тэгш байдлын асуудал, ялангуяа жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл хэрэгт цар тахлын өмнөх үе шиг анхаарал хандуулж чадаагүй.
Энэ жилийн 16 хоногийн аяны гол зорилго нь ЖСХ-ийн асуудлыг анхаарлын төвд авчирах бөгөөд “Нандин бүхнээ хамгаалья: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” гэсэн ерөнхий сэдэв уриан дор олон нийтийг татан оролцуулах, тэр дундаа эрчүүд хөвгүүдэд илүү чиглэсэн өнгө аястай байх юм.
Энэхүү ерөнхий сэдэв, урианаас гадна 2 мессэжийг үйл ажиллагааны онцлогтоо нийцүүлэн хэрэглэх юм. Эдгээр нь: “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла” болон “Эрхэм бүхнээ нандигная”.
Аяны сэдэв, уриа мессэжүүд нь ЖСХ-ийн суурь шалтгаанд чиглэсэн, ихэвчлэн охид эмэгтэйчүүдийн эсрэг жендэрийн тэгш бус, сул дорой байдлыг өөгшүүлдэг эрт дээр үеэс уламжлан ирсэн ялгаварлан гадуурхсан үзэл санаа, итгэл үнэмшил, хандлагыг үгүй хийхэд чиглэх юм.
Тиймээс энэ жил өрнүүлж буй “Нандин бүхнээ хамгаалья” сэдэвч үндэсний хэмжээний 16 хоногийн аянд “ТОСК” ТӨХХК-ийн хамт олон эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалан нэгдэж байна.