Хүний хөгжил сангийн журамд өөрчлөлт оруулж, орон сууцны урьдчилгаанд олгох, орой, эчнээ ангийн оюутнуудад олгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. Сургалтын төлбөрийн тухайд өмнө нь орой, эчнээ ангийн оюутнууд 500 мянган төгрөг авах боломжгүй байсан юм. Харин өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр бол бүх оюутан Хүний хөгжил сангаас сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг төлүүлэх боломжтой болж байгаа юм байна.
Мөн Хүний хөгжил сангийн мөнгийг орон сууц худалдан авах урьдчилгаа мөнгөнд олгож болох асуудал өмнө нь яригдаж байсны дагуу өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах иргэдэд энэхүү боломжийг олгосон байна. Өөрөөр хэлбэл "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд баригдах шинэ орон сууцнаас худалдан авалт хийх иргэд төлбөрийнхөө урьдчилгаанд нэг сая төгрөгийг Хүний хөгжил сангаас авах боломж бүрдэж байгаа талаар Засгийн газрын ХМА мэдээллээ. Чухам "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдаж орон сууц худалдан аваагүй иргэд яах талаар одоогоор тодорхойгүй байна.
Бид хурлаас гарсан шийдвэрийг дэлгэрэнгүй байдлаар удахгүй хүргэх болно.
Ч.Болор www.gogo.mn cайтаас