“Үнэт цаас болон Засгийн газрын баталгаа гаргах тухай” Засгийн газрын 2011 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг “Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил хүртэлх хугацаатай төгрөг, гадаад валют болон хаалттай хэлбэрээр арилжаалахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй” хэмээн өөрчиллөө.
Ингэснээр Хөгжлийн банкнаас гаргах өрийн бичгийн хүүг бууруулж, банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлж, эдийн засагт бодитой нөлөө үзүүлэх бололцоотой болно гэж үзсэн байна. Засгийн газрын тогтоолоор 5 жилийн хугацаатай 250 тэрбум, 10 жилийн хугацаатай 250 тэрбум, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахыг Хөгжлийн банкинд, энэ 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын нэрийн өмнөөс зээлийн баталгаа гаргахыг Сангийн сайдад зөвшөөрсөн юм.