А.Гантулга: Буянт-Ухаад ах дүүсээ оруулбал ажлаа өгөхөд ч бэлэн

-Бүртгүүлсэн хүмүүсийн олонх нь төрийн албан хаагчид юм байна. Тэднийг ажил мэргэжлээр нь ялгавал аль нь илүү байгаа бол?-Бүртгэлээс харахад эмч, багш, цагдаа нар олон бүртгүүлжээ. Соёл урлагийн салбарынхан ч цөөнгүй байгаа.
-Бүртгүүлэгсдийг баталгаажуулж байгаагийн учир юу вэ?-Бүртгэлд хамрагдсан хүмүүсийн дунд ТАХ биш хэр нь төрд ажилладаг гэж худал мэдүүлсэн тохиолдол мэр сэр гарч байна. Мөн урьд нь байр авсан хэрнээ анх удаа байр авч байгаа гэж бичсэн нь ч бий. Түүнчлэн иргэдийн зүгээс олон давтагдаж байгаа нэг асуулт бол социализмын үеийн хувьчлалаар аав ээж нь байр авахдаа хүүхдээ хамтран эзэмшигчээр бичүүлсэн байдаг. Бүр нэг хоёрхон настай хүүхдүүдээ хүртэл хамтран эзэмшигчээр бүртгүүлдэг байсан юм билээ. Тэдгээр хүмүүс өөрийн нэг дээр байр авч болох уу, бид анх удаа байр авч байгаа шүү дээ гэж их асууж байна. Үнэхээр бага балчир байхад нь хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн бол өмнө нь байртай гэж үзэхгүй юм. Яг өөрийнх нь нэрээр байр эзэмших эрхийн бичиг аваагүй тохиолдолд анх удаа байр авч байгаа гэж үзэж болно.
-Худал мэдээллээр бүртгүүлсэн тохиолдолд хэрхэн яаж баталгаажуулж байгаа вэ?
-ТАХ гэж худал мэдүүлсэн иргэдээс ажлын газрын тодорхойлолт, нотлох баримт шаардаж байгаа. Тиймээс ч бид УБЕГ, Нийгмийн даатгалынхантай хамтран баталгаажуулалт хийж байгаа юм. НИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд хүн ам, орон сууцны тооллогыг нарийвчлан явуулахаар шийдсэн. Энэхүү тооллогын дараа мэдээлэл нарийн сайн бүртгэлтэй болно.
Энд бас нэг онцолж хэлүүштэй зөрчил нийтлэг байна. 1990-ээд оны үеэс эхлэн БНСУ-д ажиллахаар явахын тулд ах дүүсийнхээ нэр дээр гадаад паспорт гаргасан, овог нэрээ сольсон хүмүүс цөөнгүй байдаг юм байна. Олон жилийн өмнөх тэр зөрчлийн хар гай одоо илэрч байх жишээтэй. Тэгэхээр энэ удаагийн тооллогоор элдэв зөрчлөө арилгуулж засч залруулж авахгүй бол төрөөс зарласан хөнгөлөлт үйлчилгээнд хамрагдах боломжгүйд хүрч мэдэх юм гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.
-Сугалаагаар байр авах эрх нь нээгдсэн хүмүүс шууд байрандаа ороход боломжтой юу. “Буянт-Ухаа 1” хороололд ашиглалтад ороод бэлэн болчихсон хэчнээн байр байгаа вэ?
-Цагаан сарын өмнө 567 айлын орон сууцыг хүлээж авсан. Тэгэхээр яг болсон нь 567 байр гэж ойлгож болно. Гэхдээ сугалаагаар хэсэгчилж бус нийт 1764 байрандаа орох хүмүүсийг тодруулах юм. 1764 айлын хороололд орон сууцнаас гадна цэцэрлэг, үйлчилгээний төв, гаднах талбайн тохижилтыг иж бүрнээр нь шийдэж байгаа. Энэ бүхнийг цогцоор нь ирэх тавдугаар сарын 23-ны өдөр хүлээлгэн өгөх юм. Сугалааг дөрөвдүгээр сард явуулж байранд орох иргэдээ тодруулах бөгөөд байр бүрэн ашиглалтад орох хүртэл эрх бүхий хүмүүс урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх, үлдсэн 70 хувиа банкны зээлээр олох гэхчилэн бэлтгэл ажлаа хийж байх юм. Ямартай ч наадам гэхэд сугалаагаар эрх авсан хүмүүс байрандаа орчихсон байхаар төлөвлөсөн.
-ТАХ-ын олонх нь цалингийн болоод бусад хэрэглээний зээлтэй байдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл шинээр орон сууцанд орох хүсэлт гаргасан хүмүүс бусад төрлийн зээлтэй бол яах вэ?
-Амьдралд юу ч тохиолдож болно. Гэр орноо тохижуулах, үр хүүхдээ сургах гэхчилэн олон шалтгаанаар хүмүүс цалингийн болон хэрэглээний зээл авсан байдаг. Түүгээр шалтаглан орон сууцанд ороход саад учруулж болохгүй. Нэгэнт сугалаанд таарсан хүмүүс зээлээ төлж барагдуулахад анхаарна биз. Тэд асуудлаа шийдэх боломжтой болоод бүртгүүлсэн байж таарна.
-Буянт-Ухаа хорооллын орон сууцны нэг метр квт-ын үнэ нэг сая 280 мянган төгрөг байгаа нь зах зээлийн үнээс хамаагүй хямд үнэлгээ. Үүнийг дагаад барилгын чанар муу байх вий гэсэн болгоомжлол байна?
-Барилгын чанарт эргэлзэх зүйлгүй. Төмөр бетон карказаар маш сайн барьж байгаа. Дээр хэлсэнчлэн ерээд оны үед Солонгост барилгын чиглэлээр ажиллаж байсан монгол залуучууд гадаад оронд юу сурснаа харуулахаар зориг шулуудан ажиллаж байгаа. Үнэ ханшийн хувьд хямд байгаа нь төрөөс тухайн хорооллын газар болоод дэд бүтцийг нь шийдсэнтэй холбоотой гэдгийг хүмүүс ойлгох байх аа.
-Хөдөө орон нутгийн иргэд хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломж бий юү?
-Засгийн газраас аймгийн төв болгонд 1000 айлын орон сууц барих шийдвэр гаргасан. Ингэхдээ хаана, аль аймагт эхэлж байр барих вэ гэдгийг судалж тогтоолоо. Тухайн аймгийн төвийн цахилгаан станцын хүч чадал, хүн амын нягтрал, барилгажилтын байдал, хүмүүсийнх нь эрэлт хэрэгцээ, худалдан авах чадвар зэрэгт судалгаа хийсэн. Барилга хот байгуулалтын яам, Барилга ассоциаци, судалгааны ММСЖ компанитай хамтран явуулсан орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаагаар барилга барих газар, дэд бүтцийн боломж бололцоо, цэвэр бохир усны хүрэлцээ, цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, хүн амын амжиргааны төвшин гэхчилэн олон хүчин зүйлсийг нарийвчлан судалсан. Судалгааны дүнд эхний ээлжинд Ховд, Увс, Орхон, Дархан-Уул, Төв, Хэнтий гэсэн зургаан аймагт 1000 айлын орон сууц барихаар шийдвэрлээд байна. Хэнтийд гэхэд газрын асуудлыг шийдсэн, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө гаргаад тендер зарлахад бэлэн болоод байна.
-Аймгуудын барилгажилтад орон нутгийн компаниуд оролцох уу?
-Орон нутгийн компаниуд мэдээж оролцох бүрэн боломжтой. Гэхдээ хотоос очиж тендерт оролцох нь ч нээлттэй. Урьд өмнөх туршлагаас харахад орон нутгийн компаниудад давуу эрх өгөхөөр Улаанбаатарынхан шиг чанартай барьж чаддаггүй бэрхшээл байна. Гол нь чанар, стандартыг чухалчилна.
-Хөдөөд орон сууцны үнэлгээ хэд байх вэ?
-Түүнийг одоо хэлэх боломжгүй. Тендер зарлаж, компаниудын өгсөн үнийн саналыг харахын дээр орон нутгийн онцлогийг харгалзан үнэ ханшийг тогтооно.
-Буянт-Ухаа хороолол үргэлжлэх үү. Хорооллын нэрийн араас 1 гэж тодотгосон болохоор асууж байна л даа?
-“Буянт-Ухаа 2” хорооллыг барина. Нийт 7800 айлын хороолол байх бөгөөд сургууль, цэцэрлэг үйлчилгээний төв, спорт цогцолбор гээд хүний хэрэгцээг бүрдүүлсэн иж бүрэн хорооллыг барих юм. Үнэ ханшийн хувьд “Буянт-Ухаа 1”-ийн нэгэн адил байх юм. Тиймээс сугалаагаар орон сууц таараагүй хүмүүс сэтгэлээр унах хэрэггүй. Дахин боломж бий гэдгийг дуулгах байна. “Буянт-Ухаа 2” хорооллыг барих газрын хөрсний шинжилгээг хийчихээд байгаа. Хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулаад тендер зарлана.
-“Буянт-Ухаа 1”-д бүртгүүлээд сугалаанд орж чадаагүй хүмүүсийн бүртгэл хүчин төгөлдөр байх уу?
-Түүнийг одоо хэлэхэд эрт байна. Давуу эрхтэй байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ одоогоор барьж эхлээгүй барилгын бүртгэлийг одоо ярина гэдэг хэтэрхий эртэдсэн хэрэг.
-Энэ удаагийн бүртгэлд сугалаагаар аз таарсан ч ямар нэгэн шалтгаанаар байраа авч чадахгүй бол байрны эрх дараагийн хүн рүү хэрхэн шилжих вэ?
-Бас л тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийднэ. Хэдэн хүн ямар шалтгаанаар байраа аваагүйг тэдний оронд хэчнээн байранд дахин сугалаа явуулах вэ гэдгийг ил тод зарлаад явна. Хямд өртгөөр босч буй орон сууцанд иргэдийг маш шударга сонголтоор оруулна гэдгээ хэлье. Ар өврийн хаалга, танил тал татах ямар ч боломжгүй. Хэрэвзээ тэр хороололд Гантулгын ах дүүс оржээ гэвэл би ажлаа өгөхөд ч бэлэн байна.
Ярилцсан Д.ЦЭЭПИЛ