Засгийн газраас баталсан Монгол Улсын хөгжилд хаягласан томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан Хөгжлийн банк эдүгээ гурван жилийн нүүр үзээд байна. Анх 2012 оны гуравдугаар сард 580 сая ам.долларын дунд хугацааны бонд гаргаж мөн оны сүүлчээр Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам. долларын Чингис бондын зарцуулалтыг Хөгжлийн банкаар дамжуулан олгож буй юм. Тэгвэл өнөөдөр тус банк Чингис бонд болон өөрийн хөрөнгөөр санхүүжиж буй төслүүдээс шилдэг таван төслийг шалгаруулж олон нийтэд зарлалаа.
Шилдэг таван төслөөр Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 50 мВт-аар өргөтгөх төсөл, “Багануур” ХК-ийн хүчин чадлыг өргөтгөх төсөл, МИАТ ХК-ийн “Боинг 767-300ER” агаарын хөлгийн санхүүжилтийн төсөл, “Түмэнсүйх” ХХК-ийн Өвлийн хүлэмжийн аж ахуйн төсөл, Зам, тээврийн яамнаас хэрэгжүүлж буй Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто замын төслийг нэрлэв.
Чингис бондын 1.5 тэрбум ам. доллараас 369 тэрбум төгрөгийг аймгийн төвүүдийг автозамтай холбох төсөл, 101.8 тэрбум төгрөгийг нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн төсөлд зарцуулжээ. Түүнчлэн Төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах “Буянт-Ухаа 1” хороолол 1764 айлын орон сууцны төслийг 100,0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгөөр санхүүжүүлэхээс одоогийн байдлаар 72,0 тэрбум төгрөгийн санхүүжлтийг зарцуулаад байна. Энэхүү “Буянт –Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцны төсөл богино хугацаанд амжилттай хэрэгжин орон сууцны эзэд тодроод байна.